“МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд өнөөдөр /2023.09.29/ мэдээлэл хийлээ.
“МИАТ” ТӨХК-ийн захирал Б.МӨНХТАМИР:
-Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон. Ийм боломжтой бүрдэхээс өмнө буюу өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоодын шатахуун нийлүүлэгч компаниудаас ашиг нэмсэн үнээр худалдаж авдаг байсан. Тийм ч учраас МИАТ компани тийзнийхээ үнийг бууруулдаггүй гэх шүүмжлэл нийгэмд байсан. Тэгвэл 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн "Эрчис ойл" компаниар дамжуулан "Роснефьт" компаниас шатахуун хямдралтай үнээр шууд авах боломжтой болсон. Мөн өнгөрсөн жилүүдэд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууны хэмнэлт гарсан зэргээс үүдэн тийзний үнийг 10-15 хувиар бууруулж байна. нийтээр нь бууруулж байна.
МИАТ ТӨХК-ийн үндсэн зардал валютаар хэмжигддэг. Тийм учраас тийзний үнэ валютаар тогтоогдсон байдаг. Монгол төгрөгийн ханш гадаад валютын эсрэг тогтмол унаж байгаа. Тиймээс иргэдэд билетийн үнэ өсч байгаа мэт мэдрэмж өгөөд байдаг боловч 2011 оноос хойш валютын дүнгээрээ тийзний үнийг нэмээгүй байсан.
Гэсэн ч шатахууны зардал буурсантай холбоотойгоор ийнхүү тийзний үнийг бууруулж байна. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн билет 26 хувиар буурсан бол зарим чиглэлд хамгийн багадаа 10 хувиар буурсан. Дундажлахаар 10-15 хувиар буурч байна. Тухайлбал, Бээжин Улаанбаатар чиглэлийн хоёр талын хамгийн хямд тийз 881 мянгаас эхэлж байна. Улаанбаатар-Инчон-Улаанбаатар 1.200.000, Улаанбаатар-Бусан-Улаанбаатар 1.100.000, Улаанбаатар- Хонконг-Улаанбаатар 1.400.000, Улаанбаатар-Токио-Улаанбаатар 1.700.000, Улаанбаатар-Истанбул- Улаанбаатар 1.600.000, Улаанбаатар- Франкфурт – Улаанбаатар 1.900.000 төгрөгөөс эхэлж байна. Энэ бол манай хамгийн хямд тариф байна.
МИАТ ТӨХК-иас нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгодог. Олон улсын тийз захиалгын систем болон олон улсын зочид буудлын системтэй адилхан системээр ажилладаг. Хэн түрүүлж эрт захиална тэр хэрээр хямд тийз олж авах боломжууд нэмэгддэг. Маргааш аялахаар төлөвлөөд өнөөдөр тийз захивал суудал дүүргэлтээсээ хамаараад хямдралтай тийз авах боломжгүй. Учир нь хямд тийзүүд хязгаартай. Хамгийн хатуу нөхцөлтэй хамгийн хямд билет бол хямдралтай үнээр худалдаалагдана.
Зарим хүмүүс аялалын нөхцлөөсөө шалтгаалаад билетээ нээлттэй тавиулдаг,ирэх очих хугацааг нь хойшоо урагшаа болгодог, хоцрох юм бол дараагийн өдөр шилжих боломжтой байдаг. Харин хямдралтай тийзний хувьд хатуу нөхцөлтэй байна. Тухайлбал, 2024 оны зургадугаар сард аялах гэж байгаа бол өнөөдөр захиалга өгвөл энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэв.
Холбоотой мэдээ