Монгол Улс Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай юм гэнэ лээ. Гэтэл улсаар нь нэг авлигын хэрэг, ашиг сонирхлын зөрчил. Авлигатай тэмцэх хуультай юм гэнэ лээ. Тэр нь алагчилж үйлчилдэг. Марзан гэмээр ийм үйл явдал үнэхээр Монголд өрнөж байна.
“Ногоон” автобус мөнгө идсэн жишээ гэж нийгмээрээ шуугьж буй ч АТГ харсан ч хараагүй мэт таг дүлий, сохор болчихсон.
“Ногоон” автобустай танилцсан хэсэг мэргэжилтнүүд “Шинэ ч юм шиг, хуучин ч юм шиг ногоон автобустай танилцлаа” хэмээн тээнэгэлзэн нийтэд мэдээлэв.
Зургаас харахад, хуучин автобусыг шинэ харагдуулах гэж хичээсэн нь илт бөгөөд албан ёсны нэршил нь капитал засвар юм. Манайхны хэлдгээр орж ирсэн машин гэсэн үг. Зарцуулсан мөнгө нь шинэ автобусны өртөг 400 сая төгрөг. Тэгвэл капитал автобус дээд үнэ нь 90 сая төгрөг гээд Хятадын цахим худалдаагаар дүүрэн байна. Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж үүнийг хэлдэггүй гэж үү.
Бүх зүйл баримттайгаа, зурагтайгаа олон нийт нүдэнд ил байна. Харин АТГ нүдээ аньж байна.
Бараг л гарын салаагаараа харах нь холгүй. Автобусны худалдан авалт санхүүгийн талаасаа хэний компанид, хэдэн төгрөг шилжсэн нь илт байгаа. АТГ-ын мөрдөгчдийн хувьд алга урвуулах дайны хялбархан мөрдлөг энэ юм. Хуулийн байгууллагын ажилтан цол нэмье гэвэл “бэлэн” боогоод тавьчихсан хэрэг нь “ногоон” автобус байна. Гурилын хулгайчийн гуя нь цагаан, нүүрсний хулгайчийн нүүр нь хар. “Ногоон” автобусныхны гарал нь хотын захиргаа, түгжрэлийн сайд болж таарлаа. Нүд байгаад юм үзэхгүй үе бий. Уншаад ойлгохгүй зовлон ч бий. Харин улс төрд тохиолдлын зүйл гэж бараг байдаггүй. АТГ-д хамаагүй авлига, ашиг сонирхлын зөрчил гэж байх ёсгүй.
Д.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ