ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины есдүгээр сарын 30-ны өдрийг Эргэн нэгдлийн өдөр болгох тухай хуульд гарын үсэг зурлаа. Энэ нь Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-тай нэгтгэсэн тухай хууль юм. Мөн шинэ хуулийн дагуу тус нутаг дэвсгэрийн оршин суугчид ОХУ-ын харьяат болно гэж мэдэгдэв. ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх энэхүү багц баримт бичгийг баталж, Төрийн дум, Холбооны зөвлөл соёрхон баталжээ.
Эзлэгдсэн дөрвөн мужийн иргэд өдөр бүр дүрвэсээр байгааг энэ сарын 12-ны өдөр "ABC" цахим хуудас мэдээлж байв. Сар гаруй хугацааны өмнө нээгдсэн хүмүүнлэгийн коридороор дамжин өдөр бүр 150 орчим хүн дүрвэж буй аж.
Түүхийн багш, 23 настай Мыкыта Оросын эрхшээлд амьдрах ямар байсныг хэвлэлд ярьжээ. "Үнэхээр муу байна. Зээлийн картгүй, цахилгаангүй, үг хэлэх эрх чөлөөгүй. Орост эзлэгдсэн нутаг дахь амьдрал бол амьдрал биш" гэж тэр хэлсэн байна. Мөн Мыкыта Оросын талыг баримтлагч эцэг эхтэйгээ муудалцсан бөгөөд тэд нь Оросын телевизээр тархиа угаалгасан гэжээ.
ОХУ энэ сарын эхээр дээрх дөрвөн бүс нутгийн иргэдийн дунд сонгууль явуулсан. Украины Гадаад хэргийн яам эзлэгдсэн нутаг дэвсгэрт явуулж буй ОХУ-ын хуурамч сонгуулийг буруушааж, ямар ч үнэ цэнгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй гэжээ. Мөн олон улсын түншүүддээ хандан энэхүү санал хураалтын үр дүнг зөвшөөрөхгүй байхыг уриалсан юм.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ