ХҮН намаас ногоон автобусны худалдан авалтын талаар мэдээлэл /2023.09.29/ хийж байна.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр:
-Нийтийн тээврийн асуудлыг НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон цагаасаа ярьж эхэлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд нэг их наядыг автобусанд оруулжээ. Өнөөдөр автобусаа худалдаж авч чадахгүй хэмжээнд ирлээ. Өчигдөр ногоон гэх автобусыг очиж үзлээ. Үүнээс гадна нийслэл 224 улаан автобус оруулж ирсэн. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. “Daewoo” компаниас худалдаж авсан гэж ярьж байгаа. Нийтдээ 600 автобус бөгөөд нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгөөр авсан гэсэн. Үүн дээр нэмээд 150 цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Түүнээс гадна дунд оврын автобус 50 ширхгийг оруулж ирж байгаа гэх мэдээллийг өгч байна. “Тэнүүн-Огоо” ХХК нь тендерээр сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбараа өгсөн. Энэ бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж үзээд миний бие салоны байдлыг харсан. Голчилж манай инженер А.Отгонбаяр деталь зураг, кузов засвар, арлын дугаарыг авсан. Нийслэлийн худалдан авсан автобусыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ.
Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм бэ.
Автобусны асуудал нийслэл дээр энэ сарын 19-ны өдөр болсон ХҮН намын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бид нийтийн тээврийн асуудлаар асуулга тавихад “Үүнийг бид дэлгэж чадахгүй. Нууцтай холбоотой” гэсэн тайлбар хэлснээр дээрх асуудал босч ирсэн.
ХҮН намын гишүүн А.Отгонбаяр:
-Арлын дугаараар шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн мэдээлэл гарч ирсэн. Будаг, замаскийг та бүхэн харсан байх. Урд талын замаскийн хэсэгт сайн харвал зэв харагдаж байгаа. Автобусны дунд хаалганы хэсэгт будаг хийсэн цаасан скоч нь харагдаж байсан.
Эндээс харахад уг автобусыг үйлдвэрийн аргаар бус гар аргаар угсарсан нь харагдаад байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:
-Хотын дарга Д.Сумъяабазарыг нийслэлийн иргэд сонгоогүй. МАН-ын УЗ-ийн шийдвэрээр хотын дарга болсон. Энэ хүнээс хүлээх зүйл алга. Огцрох ёстой. Гэмт хэргийн шинжтэй болсон энэ үйлдлийг бид орхихгүй. Хууль хяналтын байгууллага гэж байдаг бол Засгийн газар уг асуудлыг шалгуулж нийтэд ил тод мэдээлээсэй. Хоёрдугаарт, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар мөн огцрох ёстой. Энэ автобусыг ямар компанитай, яагаад гэрээ байгуулсан эсэхээр бид хойноос нь тултал нь явна. Шаардлагатай бол Вьетнам явна. Сэтгүүлч та бүхэн нэгдээрэй.
Холбоотой мэдээ