"Автобус авах нь ҮАБ-д хамааралтай гэх зөвлөмж ирүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

"Автобус авах нь ҮАБ-д хамааралтай гэх зөвлөмж ирүүлсэн"

"Автобус авах нь ҮАБ-д хамааралтай гэх зөвлөмж ирүүлсэн"
БНСУ-ын "Daewoo Bus" компаниас шинээр худалдан авсан ногоон автобусны талаар өнөөдөр /2023.09.29/ холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Түгжрэл бууруулах нэгжийн захирал Ч.БАТЗОРИГ:
-Түгжрэлийг бууруулах ажил үе шаттай хэрэгжиж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил ид дундаа явж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт шинэ 287 дизель автобус, 96 шинэ цахилгаан автобусыг бүрэн хүлээн авч, иргэдэд үйлчилж байна. Ойрын өдрүүдэд шат дараатай орж ирэх нийт 100 ширхэг дизель автобусыг гүйцэтгэгч нь мэдүүлэг мэдүүлж оруулж ирсэн.
Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас захиалагч талд хүлээлгэн өгөх ажил явж байна. Энэ ажлыг Нийтийн тээврийн газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж буй.
Шинээр худалдан авч буй автобусууд хуучин байна гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Үүнтэй холбоотойгоор албаныхан мэдээлэл өгнө.
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:
-Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамжаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болсон. Мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод энэ захирамж болон холбогдох бусад үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамруулсан асуудал байхгүй. Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан.
Гурван үндсэн нөхцөлийн аль нэг нь байвал хууль хамаарахгүй гэсэн зохицуулсан. Нэг бол хуулиар төрийн нууцад хамааруулсан, Үндэсний аюулгүй байдалтай хамааралтай, галт  зэвсгийн гэсэн байна.
Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа. Хоёрдугаарт, хүний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт Иргэдийн амьдрах, ажиллах, аюулгүй орчныг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах, хүнийг аюулгүй байдлыг баталгаажуулах нь үндэс болно гэж заасан байгаа. Олон автобусны насжилт хэтэрсэн. Ингээд зам тээврийн осол гарч, иргэд 40 минутаас дээш автобус хүлээж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай очринд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих байдалд хүрсэн. Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
 -Олон иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас ийм зохион байгуулалт хийсэн. Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт давхардсан тоогоор 500-700 мянган зорчигч зорчдог. Сүүлийн нэг жилийн хугацаанд 17 нийтийн тээвэр шатсан. Хүний амь нас эрсдээгүй ч 14 жил парк шинэчлэл хийгээгүй учраас дахин хэдэн автобус шатахыг хэлж мэдэхгүй. Ийм эрсдэл байсан учраас Тагнуулын байгууллагаас зөвлөмж ирүүлсэн гэсэн үг.
Нийслэл захиалгаа өгнө. Захиалсан шаардлагын дагуу нийцэж байгаа эсэхийг нь шалгаж байна. Эцсийн байдлаар бүгд шинэ автобус гэдэг байр суурийг илэрхийлэх боломжгүй.
Ер нь тендерийн шаардлага шинэ автобус гэсэн байгаа учраас хуучин автобус хэзээ ч худалдаж авахгүй гэдгийг хэлье.
"ТЭНҮҮН-ОГОО" КОМПАНИ 336, 218, 625 САЯ ТӨГРӨГӨӨР АВТОБУС НИЙЛҮҮЛЭХ САНАЛЫГ ИРҮҮЛСЭН"
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:
-Автобус худалдан авах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Их, дунд багтаамжийн автобус болон их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажиллагааг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хүрээнд хийсэн. Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Ингэснээр энэ хуулийг хэрэглэхгүйгээр худалдан авсан гэсэн үг.  Долоон чадамж бүхий этгээдээс санал авч, бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.
Шалгарсан компани цахилгаан автобусыг илүү хэмжээтэйгээр нийлүүлэх саналыг ирүүлсэн гэдэг үндэслэлээр шалгаруулсан.
Долоон этгээдийн нэрсийг өмнө нь энэ ажлыг гүйцэтгэж байсан этгээдүүдийг шүүж, Нийтийн тээврийн газраас холбогдох байгууллагуудаас нэрсийг авч, нийт есөн этгээдийн нэр ирүүлснээс долоогоос санал авч, давуу байдлаас санал өгсөн этгээдийг шалгаруулсан. Гүйцэтгэгч компаниар "Тэнүүн-Огоо" компани шалгарсан бөгөөд их багтаамжийн автобусыг нэг бүр нь 336 сая төгрөгөөр нийлүүлэх, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн. Мөн цахилгаан 10 автобусыг илүү нийлүүлж, цэнэглэх төхөөрөмжийг 41 ширхэгийг нийлүүлнэ гэдэг санал ирүүлсэн. Богино хугацаанд үр ашигтай гэж үзэж, шалгаруулсан. Гүйцэтгэл зөрчигдсөн зүйл одоогоор байхгүй.
"1993 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН АВТОБУСНЫ ОНЫГ ЗААЖ БАЙГАА ЛАТИН ҮСЭГ НЬ 2023 ОНД ДАХИН ЗААДАГ ЖУРАМТАЙ"
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар:
-Өнөөдөр шинэ цахилгаан автобус 55 иргэдэд үйлчилж байна. Евро дизель хөдөлгүүртэй БНСУ-д үйлдвэрлэсэн 100 автобус орж ирсэн. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа 80 автобусыг өнөөдөр газар дээр нь очиж үзэж, танилцлаа. Тухайн автобус үйлдвэрээс гарснаар хүлээж авах ажлын хэсгийг ажиллуулна. Мэдээж хуучин автобус эсэхийг техникийн мэдлэгтэй багш нар болон шинжээч давхар ажиллана.
Улс орнуудад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүд 17 цифр бүхий тоонуудаар үйлдвэрлэсэн огноо, он сарыг латин үсгээр зааж өгсөн байдаг.
Холбогдох хүмүүс үсгийг тодорхойлох мэдээллийг танилцуулна. Олон нийтийн сүлжээнд 1993 онд үйлдвэрлэсэн автобус гэж байна лээ. Латин үсэг нь 30 жилийн дараа давтамжтайгаар дахин тавигдаж байдаг жишээтэй. 1992 онд үйлдвэрлэгдсэн бол 2022 оны автобус дээр латин үсэг дахин зааж авдаг. Үүнтэй адилаар 1993 онд үйлдвэрлэсэн автобусны оныг зааж байгаа латин үсэг нь 2023 онд дахин зааж авдаг журамтай юм билээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
9
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж