НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Пүрэв гаригт Киевт айлчиллаа. Тэрбээр энэ үеэрээ Украины сөрөг довтолгоогоор байр сууриа бэхжүүлсээр байгааг онцолжээ.
"Украинчууд гэр бүл, ирээдүй, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Харин Москва өөрсдийгөө эзэн хаан гэж бодсон төөрөгдлийнхөө төлөө тулалдаж байна. Дэлхийн тавцан дахь Оросын нөлөө буурч, олон улсын зах зээлээс хасагдаж байна. Олон улсын хурал цуглаанд оролцохгүй өнжиж, Иран, Хойд Солонгос гэх мэт улсаас зэвсгийн тусламж эрэлхийлэхэд хүрлээ. НАТО Украиныг дэмжиж байна. Украин хүчирхэгжих тусам бид Оросын түрэмгийллийг зогсооход ойртох болно" гэж Столтенберг хэлэв.
Столтенберг Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзаж, дайны нөхцөл байдал болон цэргийн хэрэгцээ шаардлагын талаар ярилцжээ. Украины нисгэгчдийг "F-16″ онгоцонд сургах амлалтыг Столтенберг өгөв.
Харин Зеленский уулзалтын талаар мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр бид тулааны талбар дахь бодит байдал, Украины дайчдын хэрэгцээ гэх мэт анхаарал хандуулах шаардлагатай батлан хамгаалахын бүх асуудлыг хэлэлцлээ. Украины арми Орост илүү их дарамт үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Зеленский, Столтенберг нар хэлэлцсэний үр дүнд НАТО-ийн орнууд Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем нийлүүлэх санааг дэвшүүлсэн байна.
Дашрамд дурдахад, Украины сөрөг довтолгоо тогтвортой ахиц дэвшил гаргаж, Оросын хамгаалалтын гол шугамыг нэвтэлсэн ч өвөл ойртож байгаа нь асуудал болж байна.
Эх сурвалж: THE HILL
Холбоотой мэдээ