Монгол Улс гал алдахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Монгол Улс гал алдахад ойрхон байна

Монгол Улс гал алдахад ойрхон байна

Эрчим хүчний салбар эмзэг бас эмгэнэлтэй байна.  Олон жил эрчим хүчний үнийг нэмэх, чөлөөлөх талаарх асуудлыг улиг болтол ярьсан. Ярихаас өөр ахицгүй байгаа эрчим хүчний хэрэглээний үнэ тарифын асуудлаас үүдэн энэ салбарт олон асуудал ужгирсан. Хахир өвлийн хүйтэнд гэр хүйтэн бас харанхуй байгаагаар төсөөлөхөд бэрх. Даарч бээрсэн гараа ээх галгүй, наах пааргүй, лааны гэрэлд бүдчих амаргүй. “Дулаан явбал мянган лан” гэдэг дээ…

Гэтэл өвлийн хүйтний үед улсаараа гал алдаж магадгүй талаар сэрэмжлүүлэг гэх үү сонордуулга гэх үү ийм мэдээ сонссоор дөжирч. Хэлэх л ёстой үг, байх л ёстой асуудал мэтээр хандсаар асуудалтайгаа нүүр тулахад ойрхон байна.

Үүний шалтгаан нь үнэ  тариф гэдгийг Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх хэлж байна. Тэрбээр, Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна” гэв. Эрчим хүчний салбарт ашигтай ажилласан түүх барагтай л бол байхгүй гэвэл дэгэстүүлсэн хэрэг болохгүй байх. Тухайлбал, 2011 онд 39 тэрбумын алдагдалтай байсан бол 2012 онд 66 тэрбум төгрөг болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Гэтэл энэ онд 240 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа нь 11 жилийн дотор эрчим хүчний алдагдал ойролцоогоор дөрөв дахин өссөнийг илтгэж байна. Энэ алдагдлын хэмжээ цаашид ч өссөөр байх дүр зурагтай байна. Учир нь Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар долоон хувиар өсч байна. Дотоодын эрчим хүчний сүлжээгээ өргөтгөж, шинэчлэх, үнэ тарифыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахгүй мөртлөө жил бүр шинээр барих сургууль, цэцэрлэг, барилга, байгууламжийн тоог нэмэгдүүлсээр байгаа улстөрчдийг ойлгох ухаан алга.

Эхлүүлсэн ажил нь дуусдаггүй заваарсан бас завхарсан жишиг тогтоод удсан. Шинэ эх үүсвэр нэмэгдүүлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Харамсалтай нь тууз хайчилж, сүр дуулиантай нээдэг ч түүнийхээ үр дүнг үзэлгүй 10 гаруй жил болсон түүх олон. Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байгаа ч хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байгаа гэдгийг Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх тодотгосон. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил амжилттай үргэлжилж, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа гэв. "Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани тодорсон. Гэрээний хэлцэлд ороод ажиллаж байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдалд тулгамдсан асуудал олон байгааг учирлаж байна. Үүнээс харахад эрчим хүчний салбар ойрын таван жилдээ нар өөд үзэхгүй нь бололтой.

Бүх зүйл хэмжээтэй бас хязгаартай.  Эрчим хүчний салбарын хувьд хязгаартаа хэдий нь тулчихсан. Тэдний тэвчээрийн тог, тэнхээний тог нь зэрэг тасархад ойрхон байна. Ямар  нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлахаас өөр сонголтгүй. Олон улсад гэмтэл, саатал гарсан үед ашиглах, нөхөж, орлуулж ажиллуулах 20 орчим хувийн нөөц заавал байх ёстой. Гэтэл Монгол Улсад 20 бүү хэл хоёр ч хувийн нөөц байхгүй. Тусгаар улсын эрчим хүчний салбар ямар ч нөөц тоноглолгүй байгаа нь өөрөө том эрсдэл. Нөөц тоноглолгүй ажиллана гэдэг бол эрсдэл энүүхэнд байгааг илтгэж байна.

Гэхлээ эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, энэ салбарт реформ хийж чадах хүн сонгуулийн сунгаа ойртсон үед гарахгүй нь ойлгомжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж