Жилдээ 1.9 их наяд төгрөгийн орлого Улаанбаатар хотын 500 тэрбум төгрөгийн бондоо хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Татварын орлого найдвартай. Бондын жилийн хүү 17.2 хувь гэх мэт сурталчилгаа хөвөрч байна. Энэ ньМонгол Улсын анхны орон нутгийн бонд. Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн гэдэг зүүсгэлтэй өр. Нийслэл энэхүү өрөөр тулгамдсан асуудлуудаа шийдэх гэнэ. Хотын удирдлагууд 500 тэрбумын бондын зориулалтын задаргааг дараахь байдлаар тайлбарласан байна.
- Он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн барилгыг дуусгахад 45.8 тэрбум төгрөг,
- Инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 14.4 тэрбум төгрөг,
- Агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг,
- Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг,
- Цахилгаан дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барихад 14.3 тэрбум төгрөг,
- Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажилд 13.2 тэрбум төгрөг,
- Багануур үйлдвэр технологийн паркийн ерөнхий цахилгаан хангамжийн ажил 1.1 тэрбум төгрөгийг тусгажээ.
Ингээд үзэхээр бүгд эргээд ашгаа нөхөхгүй төслүүд. Ер нь Монголын төр ашигтай төсөлд хөрөнгө оруулж байсан түүх ядмаг. Бүр бонд гэх өрийн бичиг үйлдвэрлээд шүү. Энэхүү 500 тэрбумын өрийг татвар төлөгчдийн халааснаас 17.2 хувийн хүүтэй нь хамт төлнө. Хотын дарга Д.Сумъяабазарын багийнхны тавьсан өрөнд татвар төлөгчид жилд ойролцоогоор 86 тэрбумын хүү төлнө гэсэн үг. Мөн бонд гаргах бэлтгэл ажлын зардал 11.4 тэрбум төгрөг гэж нийслэлийн ИТХ-аас баталсан. Өдөр зардал биш гэж үү.
Тэгвэл хотын өөрийнх санхүүгийн ямар байгааг аваад үзье. Нийслэл анх 2023 онд төсвийн орлогоо 1.7 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Гэвч хуримтлагдсан өр төлбөр нь 2.4 их наяд төгрөг болсон. Энэ нь нийслэлийн бүтэн нэг жилийн төсвөөс давсан дүн.
Дээр нь нийслэлийн 2023 оны төсвийг зарлагыг ойролцоогоор 1.1 их наяд байхаар тогтоосон гэж үзвэл, нийслэлийн өр цаашид ч нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа.
Эргэн сануулахад, хотын дарга асан Су.Батболд 2018 онд “Биднийг 2016 оны долдугаар сард ажил авч байхад, Улаанбаатар хот 100 тэрбум орчим төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг бүрэн төлж барагдууллаа. Улаанбаатар хот өргүй хот боллоо” гэж 50-иад сэтгүүлчийн өмнө мэдэгдэж байв. Гэтэл нийслэлийн өр 2.4 их наяд төгрөг болж, хуримтлагдаад байгааг ИТХ дахь сөрөг хүчний төлөөлөгч Т.Батцогт анх 2022 онд сануулж байсан. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэ өрийн талаар анх удаа ярьж байна. Өрийн удирдлагын менежментийг хийхийн тулд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа авч байгаа" гэх хариулт өгсөн байдаг.
Д.МЯГМАРДОРЖ
Холбоотой мэдээ