Багшийн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн чадавхи байхгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Багшийн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн чадавхи байхгүй

Багшийн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн чадавхи байхгүй

Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд амь орж, иргэдийг жагсаалд уриалдаг бол Үйлдвэрчний эвлэлийн холбоод цалин нэмэх шаардлага тавьж, ажил хаядаг.

Тэр ч дагуу Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд ажил хаяхаа мэдэгдээд байна.

Улсын хэмжээнд төрийн өмчийн 900 орчим ерөнхий боловсролын сургууль бий. Одоогоор хэд нь ажил хаялтыг дэмжиж буй нь тодорхойгүй ч Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал багшийн сарын цалинг 3.5 сая төгрөг болгох боломжгүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын нийт төсөв 19 их наяд төгрөг. Үүний тав орчим их наяд төгрөг нь цалин, тэтгэвэрт зарцуулагддаг. Боловсролын салбарын 93 мянган багш, ажилтны цалингийн эх үүсвэрт жилд 1.1 их наяд гаруй төгрөг шаарддаг. Цалинг 3.5 сая төгрөгт хүргэе гэвэл эдийн засгийг хэд дахин өсгөж байж л шийдэх асуудал. Хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин байхгүй” гэсэн нь гашуун боловч үнэн л үг.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад өнөөдөр дундаж цалин 1.6 сая төгрөг. Уул уурхай, банк санхүүгийн салбарт ажиллагсдын цалин л 4-5 сая төгрөг болохоос биш дийлэнх олонхийн цалин 1.2-1.4 сая төгрөг дотор л эргэлдэж буй. Түүгээрээ амьдралаа болгох гээд төрд ажилладаг нь ч хувийн хэвшилд ажилладаг нь ч чардайдаг. Бүгд л цалингийн, ипотекийн зээлтэй. Цаг наргүй л ажиллацгаадаг. Ямар аргатайдаа хар ажил хийхээр БНСУ-ыг зорих билээ.  Эдийн засгийн өсөлт нь цалинг хэд дахин өсгөх хэмжээнд хүрч чадахгүй байгаа тул төр ч цалин, тэтгэврийг боломж нөхцөлдөө тааруулан нэмж буй.

Уг нь цалин хөлс гэдэг эдийн засгийн өсөлтөөс хамаарах төдийгүй бүтээмжтэй уялдах ёстой. Харин Монголд бүтээмжтэй цалин хөлсийг уях гэдэг ойлголт байдаггүй, орхигдож ирсэн.

Хэн чанга хашгирсан, хэн сайн шантааж хийсэн нь цалингаа нэмүүлдэг системтэй. Хаа очиж, энэ Засгийн газар дээрх гажгийг засах оролдлого хийж, ажлынх нь гүйцэтгэлтэй цалин хөлсийг уяж эхэлсэн нь зөв жишиг юм. Үүнээсээ ч ухрах ёсгүй. Тухайлбал, Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн багш 1.273.000, СӨБ-ийн багш 1,337.000 төгрөгөөр цалинг тогтоосон байдаг. Энэ бол үндсэн цалин. Үүн дээр дараах нэмэгдлийг цалин дээрээ тооцуулан авах боломжтой.

Тодруулбал, мэргэжлийн зэргийн 20 хувь, тэргүүлэх 15 хувь, заах аргач 10 хувь, докторын зэрэг 20 хувь, аймгийн төв 8 хувь, сумын төв 10 хувь. Ур чадвар 5-25 хувь. Ажилласан жил тутамд 1 хувийн нэмэгдэл.

Цэцэрлэгийн багш ЗАН удирдсан 5 хувь, сургуулийн багш анги даасан 10 хувь, ЗАН удирдсан 5 хувь, кабинет лаборатори хариуцсан 5 хувь, илүү цаг 1.5 хувь цалин дээр нь нэмэгдэнэ.

Цалингийн дээрх систем нэвтэрснээр сурагчидтай тулж ажиллаж чадаж байгаа багш сард 2.5 сая төгрөгийн цалин авах бололцоо бүрдсэн юм.

Харин Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн Даваа гаригт мэдээлэл хийх үеэр нийслэлийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа “Үндсэн цалинг нэмүүлмээр байна” гэдэг шаардлага тавьсан нь чанараас л ухарсан хэрэг. Учир нь, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй нь уялдуулахгүй бол боловсролын чанарт ахиц гарахгүй. Хэдийгээр боловсролын чанарт ахиц гарахгүй байгаа тухай шүүмжлэл өрнөдөг ч статистик мэдээлэл өөр дүнг илтгэх болсон. Тухайлбал, багшийн ажлыг гүйцэтгэлээр үнэлдэг болсноор тодорхой ахиц гарч байгааг саяхан Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн. Түүнийгээ дагаад урамшуулалд зарцуулж буй мөнгөн дүнгийн хэмжээ ч өссөн байгаа юм.

Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг. Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч буй.

  • 2021 оны есдүгээр сард багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг,
  • 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг,
  • Энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Нэг үгээр хэлбэл, багш нарын ур чадвар алгуураар дээшилж байна гэж ойлгож болно.  Тиймээс цалин бага байна гэж эдийн засаг даахааргүй шаардлага тавьж байхын оронд ур чадвараа дээшлүүлж, чанартай боловсролыг хүүхдэд хүргэн, цалингаа нэмүүлж авах аргад суралцах нь  хамгаас чухал юм.

Нөгөө талдаа төр ачааллыг бодолцох ёстой. Хөдөөгийн багш 20 сурагчтай ажиллаж байгаа бол хотын сургуулийн багш 60 сурагчид хичээл зааж буй. Энэхүү газар тэнгэр шиг ялгаатай ачааллыг бууруулж чадвал багш нарын хувьд ч асуудал багасах юм.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж