Францын засгийн газар сүүлийн хоёр сарын хугацаанд нийслэл Парис дахь орон гэргүй хүмүүсээ идэвхтэйгээр нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Энэ нь нийслэлийн яаралтай хамгаалах байрны ачааллыг бууруулах зорилготой ажил гэж албаныхан хэлж буй ч зарим хүн үүнийг Парис 2024 олимптой холбоотой гэж үзсэн. Засгийн газраас мэдээлснээр долоо хоног бүр 50-150 хүнийг Франц даяар 10 байршилд нүүлгэн шилжүүлж байна.
Орон гэргүйчүүд болон дүрвэгсдийн ихэнх нь Парисыг орхихоос өөр аргагүй болж байгаадаа айж эмээж, эргэлзэж байна.
Этиопоос ирсэн 31 настай дүрвэгч Обса хэлэхдээ “Өнөөдөр биднийг авч явахаар ирж байгааг сонслоо. Гэхдээ би хаашаа явахаа мэдэхгүй байна” гэжээ. Тэрбээр 2017 онд Этиопоос аюултай аялал хийж Францад ирсэн. Өдгөө Обса Парист бүтэн цагийн ажил хийдэг ч байнгын байр сууцаа олж чадаагүй л байна. Нийслэл Парист түрээсийн зардал маш өндөр байдаг.
Олимпийн наадамтай холбоотойгоор Парисын зочид буудлууд засгийн газартай байгуулсан орон сууцны гэрээгээ цуцалж эхэлсэн. Наадмын үеэр гадаадын зочид ихээр ирэх тул дүрвэгсдийг бус жуулчдыг байрлуулсан нь дээр гэж үзжээ.
Парис хот байрладаг Иль-де-Франс мужид 2022 онд 50 мянга орчим орон гэргүй хүн буудалд хоног төөрүүлж байсан гэх мэдээлэл бий. Эдгээр зочид буудлуудын дор хаяж 5000 нь энэ жил гэрээгээ цуцалжээ. Тиймээс Обса тэргүүтэй дүрвэгсэд яагаад гудамжинд гарсан нь ойлгомжтой болж байна. Тус улсын орон гэргүй хүмүүсийн тал орчим хувь нь Иль-де-Франс мужид төвлөрчээ.
Орон сууцны яамны тоо баримтаас харахад Францад шөнө бүр 200 мянга гаруй орон гэргүй хүн гудамжинд хонож байна. Тэдний 100 мянга нь Иль-де-Франс мужид байна. Өөрөөр хэлбэл, Парис хотод хүн бүрийг байрлуулах яаралтай хамгаалах байр байхгүй.
Обсаг “CNN”-ийн сэтгүүлчтэй ярилцаж байх зуур хэд хэдэн том автобус иржээ. Автобуснууд дээр Бордо, Марсель гэх мэтээр очих газрын хаягийг заасан байв. Цагаачдад хандан чанга яригчаар “Эдгээр автобусны аль нэгэнд суугаад Бордо юм уу Марсельд очих боломжтой” гэж зарлах аж. Хэрвээ тухайн дүрвэгч нийслэлд үлдэх хүсэлтэй бол урт хугацааны хөдөлмөрийн гэрээтэй байх ёстой.
Гэхдээ урт хугацааны хөдөлмөрийн гэрээтэй байсан ч амьдрах орон байр мөн л баталгаатай бус. Обса л гэхэд нэг жилийн ажлын гэрээтэй боловч амьдрах газаргүй байна.
Дөрөвдүгээр сараас хойш 1800 цагаачийг Парисаас нүүлгэн шилжүүлжээ. Франц даяар Парисаас ирсэн хүмүүсийг угтан авах зорилгоор 10 орчим түр хамгаалах байрыг байгуулсан. Тус байранд 50 хүртэлх хүнийг багтаах боломжтой.
“Энэ бүхэн Олимпийн наадмын бэлтгэл өрнөж буй чухал үетэй давхцаж байна. Төр засаг энэ асуудлыг шийдвэрлэх чадамжгүй байна. Манай нутаг дэвсгэрт ирсэн олон мянган хүнийг ямар ч дэмжлэггүйгээр орхиж байна” гэж Францын орон гэргүй цагаачидтай ажилладаг “Utopia 56” ТББ-ын үүсгэн байгуулагч Янн Манзи хэлэв.
Франц улс 2022 онд 155,773 орогнол хүссэн өргөдөл хүлээн авсан. Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин хэд хэдэн телевизэд ярилцлага өгөхдөө “Бид улс төрийн дүрвэгсдийг нээлттэй хүлээж авах боловч хууль бусаар ирсэн цагаачдад хаалттай хэвээр байх болно” гэжээ. Засгийн газрын тоо баримтаас үзвэл, 2022 онд 20 мянга орчим хууль бус цагаачийг албадан гаргасан байна.
Франц улс Европын эрэгт ирж буй цагаачдад тусалж, орон гэргүй хүмүүсийг байрлуулахад жил бүр хоёр тэрбум евро зарцуулж байгааг ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Франц улс дэлхийн бүх зовлон зүдгүүрийг даахгүй гэдгийг мөн онцолсон юм.
Иль-де-Франс дахь орон гэргүйчүүдийг бусад бүс нутагт яаралтай шилжүүлэх шаардлагатай байгааг Орон сууцны сайд асан Оливье Клейн аль тавдугаар сард онцолж байжээ. “Нэгдүгээрт, 2023 оны регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дараа нь 2024 оны Олимпийн наадам зэрэг спортын томоохон арга хэмжээ ойртож байна. Тиймээс бид үймээн самууныг тооцоолж, нөхцөл байлдыг урьдчилан харах ёстой” гэж тэр хэлсэн юм. Гэвч үүнээсээ хэдхэн долоо хоногийн дараа Клейн дахин мэдэгдэл хийхдээ “Нүүлгэн шилжүүлэлт болон олимп хооронд ямар ч уялдаа холбоо байхгүй” гэжээ.
Үндсэндээ албаныхан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө болон удахгүй болох наадмын хооронд ямар нэгэн холбоо байхгүй гэж баталсаар байна. Уг ажиллагаа нь бүс нутгийн ачааллыг бууруулж, орон гэргүйчүүдэд илүү их дэмжлэг үзүүлэх зорилготой гэж мэдэгдэж буй.
Парис 2024 олимпийн наадмын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө нь Францад болж байгаа наадам эсвэл регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй ямар ч холбоогүй юм. Иль-де-Франс муж дахь нөхцөл байдал цоо шинэ зүйл биш. Наадам зохион байгуулагдахаас үл хамааран бүс нутагт сүүлийн саруудад байдал улам ноцтой болж байна” гэжээ.
Гэвч нэг анхаарууштай нь өөр бүс нутаг дахь хамгаалах байруудад шилжүүлсэн орон гэргүйчүүдийг тэнд нь ердөө гурван долоо хоног л байрлуулах аж. Тэгэхээр дараа нь орон гэргүйчүүд хаачих нь мөн л тодорхойгүй болно. ТББ-аас зарим хүнд байр, ажил олоход нь тусалдаг боловч хүн бүрт тийм боломж олдохгүй.
Бордо хотын орлогч дарга хэлэхдээ “Тэд буцаад Парис руугаа алдаг болдог” гэжээ. Үндсэндээ эрх баригчид асуудлыг шийдэхгүй зүгээр л өөр тийш нь шилжүүлж байна гэлээ.
Дашрамд дурдахад, Энэтхэгийн нийслэл Шинэ Дели ч бас "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтыг угтан ядуусаасаа салах арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 300 мянган орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх тооцоолол байна. Наад зах нь 25 ядуусын хороолол, орон гэргүй хүмүүст зориулсан хоноглох байрыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгожээ.
Эх сурвалж: CNN