Сайд нар салбадай боллоо

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Сайд нар салбадай боллоо

Сайд нар салбадай боллоо

Ажил хийх гэж сайд болдгоос алиа салбадай мэт аашлахын тулд Засгийн газрын гишүүн болдоггүй. Алиа салбадай гэж ихэс дээдсийн ширээн дээр бүжиж, гудамжинд хүүхэд нохой хөгжөөсөн нөхдийг хэлдэг. Тэгвэл манай Засгийн газрын сайд нар бараг л тийм болжээ. Монголд хаана хүүхэд хөгшид хуйлруулж байна, толгойн нь томдсон сайд нар л байна. Хаана хэний бараа бологч болж хүн хүн хөгжөөж байна, алиа салбадай сайд нар л байна. Олон нийт Ерөнхий сайдын орон нутагт хийж буй томилолтоос үүнийг харсан байх.

Хүүхдүүд сургууль цэцэрлэггүй, багш нар хүрэлцэхгүй байна гэдэг түмэн асуудал байхад Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хөвсгөлд Ерөнхий сайдыг хөгжөөн, тойргийнхоо хүүхэд хөгшдийг хуйлруулж явна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургац алдах хэмжээний хур тундасыг үл ажран Дорнодын тойрогтоо “тоглолт” хийсэн зэрэг томилолтын хууч зөндөө. Засгийн газрын дан дээлтүүд ч тэднээсээ дутахгүй тойргийн өвчин тусчихаад гүйлдэж байна. Батлан хамгаалахын сайдтай уулзая гэвэл Архангайг зорь. Байгаль орчны сайдыг олъё гэвэл Орхон аймагт оч. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт тойрог горилон,  зэвсэгт хүчнийг  бараг л  бүрэн бүрэлдэхүүнээр нүүлгэчихээд байгаа гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Булган уулын энгэрт танк жагсаан ёслолын буудлага хийх нь холгүй байгаа. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ төсөвт байгаа бүхнээ Эрдэнэт рүү зөөх болсон гэх мэт. Уг нь Монгол Улсын Засгийн газар болохоос Хөвсгөлийн ч юм уу, эсвэл Дорнод, Архангай, Эрдэнэтийн сайд гэж байдаггүйг алиа салбадай нар санах хэрэгтэй.

Засгийн газар Ерөнхий сайдыг дагаад нүүгээд байж болохгүй. Сайд нар салбадай байж бүр ч болохгүй сэн.

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд халдан байж Засгийн газрын сайдын шургалан “давхар дээл” нөмрөхдөө ажил яаж хийдгийг харуулаад өгнө гэцгээж билээ. Тэд зангараг заан, Засгийн газрын дөрвөн жилийн ажлыг ганцхан жилд нугалчих юм ярьцгаасан. Чихэн дээр цэцэг ургуулсан. Удалгүй тойргоо усалцгааж эхэлсэн. Зав л гарвал тойрог руугаа гүйж, төсөл л байвал нутагтаа нялзааж байна. Ийм л дов, довоо шарлуулсан хэдэн сайдтай боллоо.

Д.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж