News.mn сайтын сурвалжлах баг БНХАУ-ын Бээжин, Шанхай хотоос бэлтгэсэн аян замын тэмдэглэлийг хүргэж байна. Бид урд хөршийнхөө аялал жуулчлал, соёл, хурдацтай хөгжиж буй техник технологи, боловсрол, эдийн засаг зэрэг салбартай сурвалжлагынхаа хүрээнд товч танилцсанаа энэхүү тэмдэглэлд онцолж байгаа юм. Тэр дундаа "Дорнын Парис" гэгддэг Шанхай хотын уламжлал, орчин үеийн байдлыг жигд хослуулсан, хурдацтай хөгжиж буй космополитан дүр төрхийг онцлохыг зорилоо. Хятадын зүүн эрэгт орших Шанхай нь олон зууны баялаг түүхийн нугачаанд дэлхийн эдийн засгийн хүчирхэг төв, олон соёлыг нэгтгэсэн нийгэм болон хөгжжээ.
Шанхайн хурдацтай хөгжлийн нэг хэсэг бол технологийн өндөр хөгжил. Бүхий л салбартаа ухаалаг системийг бий болгож, оффис ажил, амьдралынхаа өдөр тутмын хэрэгцээнд энгийн хэрэглээ болгож чадсан нь сонирхолтой. Энэ жишээг бодитоор харах үйлдвэрлэлийн төв бол “Lenovo future center”. Тус төв нь 180 орчим улс бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 30 гаруй үйлдвэрлэлийн байгууламж, 10 мянга гаруй инженер, судлаач, эрдэмтдийн багтай. Тус төвийнхөн биднийг өөрсдийн үйлдвэрийн төв оффистоо найрсгаар угтаж авсан юм. Тодруулбал, Шанхайн онцлох жишиг болох технологийн архитектураа “Lenovo future center”-ийнхэн бидэнд нэг бүрчлэн тайлбарлаж, хөгжлөөсөө хуваалцсан билээ.
Хүнээс хүнд хүргэдэг үйлчилгээ, олон шат дамжлагыг технологи, дата баазын тусламжтайгаар хөнгөвчилсөн болохыг тайлбарлагч бидэнд онцолсон юм.
Дэлхий нийтээр цахимжиж яваа өнөө үед хот төлөвлөлт, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэржилт, оффисын орчин гээд бүхий л газарт технологийн хөгжлөөр үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд буй. Үүнийг өдөр тутмын амьдралдаа энгийн хэрнээ ухаалгаар ашиглаж байгаа улс бол Хятад, тэр дундаа шанхай хотынхон. Зөвхөн өөрсдөө хэрэглээ, үйлчилгээнд нэвтрүүлээд зогсохгүй бусад олон орон руу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлж, үйлдвэрлэлийн төвүүдээ ч гаргаж байгаа нь онцлог санагдав.
Ухаалаг ирээдүйн төлөөх өөрчлөлтийг инновацийн төвөөр дамжуулан хийж буй “Lenovo”-гийнхан технологийн салбар болон дэлхий дахинд сүүлийн хэдэн жилд тулгарч байсан бүх сорилт бэрхшээлийг үл харгалзан компани болон брэндийн хувьд урьд өмнө байгаагүй хүчтэй байр суурь ухаалаг системд суурилан ажиллахаа 2023 оны зорилтын нэг хэсгээ болгожээ. Төгсгөлийн шийдэл, хосгүй олон төрлийн санал болгож буй ухаалаг өөрчлөлтийн удирдагч, идэвхжүүлэгч болох “Lenovo”-гийнхны стратегийн амлалт бодит үр дүнгээ өгч байгааг ч тус төвийнхөн онцолсон юм.
Мөн сорилт бэрхшээл, шинэ туршлага ололт амжилтыг "Lenovo"-гийнхан хамтдаа даван туулж амжилтанд хүрдэг бөгөөд энэ нь зөвхөн ажилчдынхаа онцгой авъяас чадвар, тэсвэр тэвчээрийн ачаар л боломжтой гэдгийг хуваалцаж байлаа.
Технологийн салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгч болох “Lenovo”-гийнхан зах зээлд нийлүүлж байгаа өөрсдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ зөвхөн тус төвөөр овоглосон ажилчид л бүтээж чадах ирээдүйг амбицтай төсөөлж, үйлчлүүлэгчид, түншүүд, хамт олныхоо хэрэгцээ шаардлагыг гүн гүнзгий ойлгож чадсан аж. Тиймдээ ч “Lenovo”-гийнхан шилдгийн эгнээнд жил бүр тэргүүнд эрэмбэлэгддэг байна.
Ухаалаг технологийн үйлдвэрлэлийн салбар бизнесийн хувьд, зах зээлийн ширүүн салхитай байсан ч “Lenovo”-гийнхан хэрэглэгчдэдээ илүү уян хатан байдал, боломжийг бий болгохыг зорьж, дэлхий даяарх компьютерийн зах зээлд 1-р байр сууриа хадгалсаар байна. Эрүүл үндсэн бизнес, цэцэглэн хөгжиж буй төрөлжсөн багц бүхий Lenovo-ийн түүхэнд тэд өөрчлөлтийг дараагийн түвшинд гаргахад юу ч саад болохгүй гэдгийг онцолж байлаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ