News.mn сайт энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа уран гимнастикийн спортын домог болсон Оксана Чусовитинаг онцолж байна. Өдгөө 48 настай Узбек бүсгүй гурван арван дамжин олимп, дэлхийн аваргад гурван улсын нэр дээрээс оролцон медаль хүртээд зогсохгүй энэ удаагийн Ханжоугийн Азийн наадамд хүртэл оролцож байгаа юм. Ийнхүү нас бол зүгээр тоо гэдгийг харуулж буй түүнтэй танилцъя.
Зөвлөлт холбоот улсын залуу од Оксана Чусовитина нь 1975 оны зургадугаар сарын 19-ний өдөр одоогийн Узбекистаны Бухара хотод мэндэлжээ. Тэрбээр долоон настайгаасаа эхлэн уран гимнастикаар хичээллэж эхэлсэн бөгөөд багаасаа л гоц авьяастай байсан гэнэ. Бэлтгэлийн зааланд анх хөл тавьсан цагаасаа зургаан жилийн дараа буюу 13 насандаа бяцхан Оксана ЗХУ-ын гимнастикийн өсвөрийн улсын аваргын бүхий л төрөлд алтан медаль хүртэв. Энэ цуут амжилт нь шигшээ багийн дасгалжуулагчдын анхаарлыг татаж, 1990 он гэхэд арван жилийн сурагч охин шигшээ багтаа багтаж, олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож эхэлсэн аж.
Түүний хувьд 1990 онд “Goodwill” наадмын тулгууртай харайлтын төрлөөс алтан медаль хүртсэн бол Японд болсон “World Sports Fair” наадын бараг бүхий л төрөлд түрүүлсэн гэнэ.
Улмаар 1991 онд дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртэж, 1992 оны Барселонагийн олимпийн гол тамирчнаар нэрлэгдэж эхлэв. ЗХУ задарсны дараа тамирчид нь нэгдэж, Барселонагийн олимпод хүч үзсэн. Тэдний дунд Оксана байсан ч багтаж, багаараа алтан медаль хүртэв. Оксана олимпийн дараа хоёр дахь дэлхийн аваргадаа ч оролцож, тулгууртай харайлтын төрөлд хүрэл медалийн эзэн болсон. Эх орныхоо төлөө 1992 оны олимпийн дараа гимнастикийн спортын залуу од маань төрөлх Узбекистан улсынхаа нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох боломж олджээ.
Тэрбээр Узбекистаны дасгалжуулагч Светлана Кузнецоватай гар нийлэн Ташкентад хэцүүхэн байдалд бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн аж. Учир нь бэлтгэлийн баазад нь хангалттай, аюулгүйн шаардлага хангасан бэлтгэлийн тоног төхөөрөмж хомс, заал танхим нь бүхэлдээ хуучирч муудсан байжээ. Гэхдээ л багш, шавь хоёр төр засагтаа гомдоллож, бэлтгэлээ тасалдуулсангүй. Оксана Чусовитина 1993 оноос 2006 оны туршид Узбекистаны нэрийг олон улсын тавцанд өргөсөн бөгөөд энэ хугацаандаа 1996, 2000, 2004 оны олимпуудад, 1994, 1998, 2002 оны Азийн наадмууда оролцож байлаа. Тэрбээр эх орондоо 70 гаруй олон улсын медаль авчирсан гэдэг.
Түүний амжилтыг төр засаг нь үнэлэн Узбекистаны гавьяат тамирчнаар нэрлэжээ.
1997 онд Оксана узбек бөх Бахдор Курбаоновтой гэрлэж, хосууд 1999 онд Алишер гэх хүүтэй болов. Тэд 1994 оны Хирошимагийн Азийн наадмын үеэр танилцжээ. Түүний хүү Алишер 2002 онд цус багадалттай гэж оношлогдсон учир сайн эмчилгээ хийх хэрэгтэй болов. Энэ үед нь Германы Кёлн клубын дасгалжуулагчид болох Шанна болон Петер Бруггеманн нар тамирчин хосуудад туслахаар санал тавьжээ. Тамирчид ч хүүгийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байсан тул саналыг зөвшөөрч, Герман руу нүүлээ. Оксана болон түүний нөхөр хоёр тэмцээн уралдаанд түрүүлсэн, байр эзэлсэн бүхий л шагналын мөнгөө Кёлнийн их сургуулийн эмнэлэгт хэвтэж байсан хүүдээ зориулжээ.
Оксана ч Германы гимнастикийн шигшээ багтай бэлтгэл хийж байв. Удалгүй Узбекистаны зүгээс түүнийг Германы нэр дээрээс тэмцээн уралдаанд оролцохыг нь зөвшөөрлөө. Гэхдээ дүрмийн дагуу Оксана болон түүний нөхөр Германы иргэн болохын тулд гурван жил хүлээх хэрэгтэй болжээ. Ийнхүү 2006 онд Оксана Германы иргэн албан ёсоор болж, тухайн оныхоо дэлхийн аваргад шинэ улсаа төлөөлсөн. Тэрбээр тулгууртай харайлтын төрөлд хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр есдүгээр байрт оров. Дан ганц дэлхийн аварга гэлтгүй Европын аваргад ч Германы нэрийг өндөрт өргөсөн билээ. 2008 оны Бээжингийн олимпод оролцохоор ирсэн Германы гимнастикийн багийн хамгийн ахмад гишүүн нь Оксана Чусовитина байсан гэдэг.
Тэрхүү олимпоос узбек бүсгүй анхны олимпийн медалиа болох мөнгөн медаль хүртжээ.
Эргэн ирэлт Оксана Чусовитина 2012 оны Лондонгийн олимпод сүүлийн сумаа тавина гэдгээ мэдэгдсэн ч 2009 оны дэлхийн аварга түүний хувьд сүүлийнх нь гэв. 2012 онд зургаа дахь олимпдоо оролцож, тулгууртай харайлтын төрөлд тавдугаар байр эзэлсэн тэрбээр зодог тайлж, дасгалжуулагч хийхээ хүсэлтэйгээ илэрхийлсэн. Гэсэн ч Оксана зодог тайлсангүй. Харин ч эргэн Узбекистан улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөхөөр шийдлээ. Лондонгийн олимп л сүүлийнх гэж байсан Оксана 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимпод тус тус оролцож, нас бол зүгээр тоо гэдгийг харуулжээ.
ХЯТАДЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ТҮҮНИЙГ “ЭЭЖ ЧУСОВИТИНА” ГЭЖ ТАНХИМ ДАЯАР АЛДАРШУУЛАВ
Хүүгийнхээ насны залуу охидтой өрсөлдөж, хуран чуулсан үзэгчдийн төдийгүй өрсөлдөгчдийнхөө хайр, хүндэтгэлийг хүртэж байлаа. Одоо болж буй Ханжоугийн Азийн наадамд 48 настай Оксана өрсөлдөж, тулгууртай харайлтын төрөлд тавдугаар байр эзэлжээ.
Хятадын хөгжөөн дэмжигчид түүнийг “Qiu Ma” буюу “Ээж Чусовитина” гэж танхим даяар алдаршуулав.
Оксана Чусовитина одоогийн байдлаар олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, Азийн наадмын хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, Европын аваргын нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль тус тус хүртээд байна. Түүн шиг 1980, 1990, 2000, 2010, 2020 гэж таван арван дамжин тамирчны хувиар тив дэлхийн тэмцээнд өрсөлдсөн авьяастан үгүй билээ.
Холбоотой мэдээ