Цаасан дээр бичигдээгүй тогтоол журмуудыг хэрэгжүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Сенатын олонхын удирдагч Чак Шумер гаргасан. Үүний дараа Ардчилсан намаас сонгогдсон сенатор Жон Феттерман чөлөөт хувцастай ажилдаа ирсэн нь Капитолын анхаарлын төвд орсон. Энэ үйл явдлаас улбаатайгаар АНУ-ын Сенат ажил хэрэгч хувцсыг танхимд заавал өмсөх тогтоолыг санал нэгтэйгээр баталжээ.
Тогтоолд дурдсанаар сенаторууд танхимд хослол, зангиа зэрэг эрчүүдийн албан хувцаслалтын дүрмийг баримтах шаардлагатай. Уг хуулийн төслийг баруун Виржиниа мужаас Ардчилсан намаас сонгогдсон сенатор Жо Манчин, Юта мужийн Бүгд найрамдах намын сенатор Митт Ромни нар гаргажээ.
“Бид хэзээ ч албан ёсны хувцаслалтын кодтой байгаагүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал нь хувцаслалтыг албан ёсны болгох нь урагшлах зөв зам мэт сэтгэгдэл төрүүллээ. Энэ асуудал дээр сенатор Манчин, Ромни нарын манлайлалд талархаж байна” гэж Чак Шумер хэлэв.
Жон Феттерманы тухайд өмнө нь ч бас спорт цамц, шорттой танхимд ирж байсан цөөнгүй тохиолдол бий. Тэр тогтоолын төслийн санал хураалтын дараа цахим сүлжээндээ мэдэгдэл хийхдээ нэг ч үг хэлээгүй, зөвхөн жүжигчин Кевин Жэймсийн инээмсэглэж буй гэрэл зургийг нийтэлжээ.
Сенатор Жо Манчин хэлэхдээ “234 жилийн турш энэ нэр хүндтэй байгууллагад ажиллаж байсан сенатор бүр ёс суртахуун, биеэ авч явах байдалтай холбоотой дүрэм байдгийг хүлээн зөвшөөрнө. Тэдгээрийн нэг нь хувцаслалтын дүрэм юм. Бид 234 жилийн турш хэвшиж тогтсон дүрмийг эцэст нь кодлох цаг болсон болов уу” гэжээ.
Эх сурвалж: CNN, CBS NEWS
Холбоотой мэдээ