Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээс эрчим хүчний салбар өвөлд бэлэн эсэхийг тодрууллаа.
Тэрбээр "Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчни эвлэлийн холбооноос гишүүдийнхээ анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Миний хувьд салбар яамыг төлөөлөн оролцож байна. Уг зөвлөгөөнөөр олон асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудал. Мөн ажлын байрны аюулгүй байдлын талаар хөндөн ярилцаж байна. Яамнаас тодорхой байр суурь илэрхийлж байна. Ер нь салбарын хувьд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд чадлын дутагдалд орсон. Эрчим хүч үйлдвэрлэлээсээ илүү хэрэглэдэг болсон гэсэн үг. Бид яаралтай шинэ эх үүсвэр барихгүй бол цахилгаан эх үүсвэрийн доголдолд орж болзошгүй.
Үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалан салбарт ажиллагсадын ажилд орж, гарах хөдөлгөөн их байна. Сүүлийн жилүүдэд их нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Бид цалин хөлсийг боломжтой хэмжээгээр нэмж байгаа боловч шаардлагатай түвшинд нэмж чадахгүй байна. Энэ мэт олон асуудлыг ярьж, гарц шийдэлд хүрэх байх.
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуй нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх.
Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байна. Энэ тийм муу зүйл биш. Олон улсад байдаг систем. Гэхдээ импортын эрчим хүч зохистой харьцаанд байх ёстой.
Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил амжилттай үргэлжилж, барилга угсралтыг хийж байна. "Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани тодорсон. Гэрээний хэлцэлд ороод ажиллаж байна. Ингэснээр 3-4 жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байна. Өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлсэн. Бүх хэрэглэгчдэд цахилгаан, дулаанаар хангаж байна. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ямар нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон улсын жишгээр 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой. Нөхөж, орлуулж ажиллуулах ёстой. Гэтэл ийм нөөцгүй байгаа" гэв.
Холбоотой мэдээ