Б.Махбалыг суллагдсанд ерөнхий прокурор эсэргүүцэл бичжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Б.Махбалыг суллагдсанд ерөнхий прокурор эсэргүүцэл бичжээ

Б.Махбалыг суллагдсанд ерөнхий прокурор эсэргүүцэл бичжээ
НЭМЭЛТ:
Хоригдол Б.Махбалыг суллагдсанд Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн байна.
Б.МАХБАЛ ХОХИРОГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ЭВЛЭРЧ, ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЖЭЭ
НЭМЭЛТ: 
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны тоймыг оруулъя.
Шүүхийн шийдвэрийн тойм №9, 2023.09.13 Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.Махбалыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны наймдугаар 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Хоригдол Б.Махбалыг хорих ял эдэлж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж, тус хэсгийн 1.2 дахь заалтад "таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.
Хоригдол Б.Махбал нь хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, мөн зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан/ ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн долоон жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох долоон жил дөрвөн сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж хоригдол Б.Махбалын эдлээгүй үлдсэн гурван жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, дээрх хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон
Б.МАХБАЛЫГ МАГАДЛАНГААР СУЛЛАЖЭЭ

Б.Махбалыг Багануур дүүргийн  хорих ангиас магадлангаар сулласан гэдэг мэдээллийг шүүх байгууллагаас өглөө. Ингэснээр гурван жил 1 сар 16 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө сулласан байна. Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн ял шийтгэл авсан юм.

Хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 11 жилийн ял авсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал нь 11 удаа хойшилж байв.

Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байсан. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбал нарын эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлж байв.

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ОН ЦАГИЙН ДАРААЛЛААР НЬ ТОЙМЛОВОЛ:

  • 2018.8.09  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд 21:00 цагийн орчимд ирсэн байдаг. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. Улмаар сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай гэрчүүд мэдээлсэн байдаг.
  • 2018.11.15 ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан тул хэргийг прокурорт шилжүүлэв.
  • 2019.01.18  Б.Махбалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдож, шүүх хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулав.
  • 2019.01.25 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  болсон. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ.
  • 2019.02.08  Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон ч хойшилсныг шүүхээс мэдэгдсэн.
  • 2019.02.27 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул хойшлогдов. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны гуравдугаар сарын 18-ны 10:00 цагт товлогдсон билээ.
  • 2019.03.18 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох шүүх хурал 10:00 цагт эхэлсэн ч  гэрч дутуу шалтгаанаар дахин хойшлов. Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч гурван хүн оролцсон тул шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлосон билээ.
  • 2019.04.05  Шүүгдэгч  Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч дахин хойшилсон. Шүүх хурал хойшлох шалтгаан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул дөрөвдүгээр сарын 29-ны 09:30 цагт товлосон билээ.
  • 2019.04.29  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох  хэргийг шүүн хэлэлцсэн ч дахин хойшлов. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан  таван  өмгөөлөгч нараасаа татгалзсан байдаг. Иймд шүүх хурлыг тавдугаар сарын 1-ны 11:00 цагт  товлосон.
  • 2019.05.17 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болсон ч хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснээр дахин хойшилсон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон билээ.
  • 2019.12.06 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал найм дахь удаагаа хойшлов.  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт товлогдсон байсан ч хохирогч Д.Доржпүрэвийн өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хурал давхцсан тул ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
  • 2019.12.13 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 14:00 цагт эхэлсэн ч хэргийг прокурорт буцаасан билээ. Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
  • 2020.04.01  Есөн удаа хойшилсон  шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  14.00 цагт эхэлсэн ч дахин сунжирсан юм. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулж, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт товлосон.
  • Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхацсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус, тус гаргасныг шүүх хурал хүлээн авсан юм.
  • 2020.04.20 Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралдаан дахин хойшилсон юм. Тодруулбал, шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Тиймээс шүүх хуралдааныг тавдугаар сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.
  • 2020.05.08  Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч 11 дэх удаагаа хойшилсныг шүүхээс мэдээлэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг энэ  сарын 15 өдрийн 08:30 цагт товлоод байна.

ХОРИГДЛЫГ ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАХ ШАЛТГААН

Оногдуулсан ялын хэмжээнээс хамаараад ял эдэлж байгаа тодорхой хугацаа өнгөрч, хорих байгуулагадаа засарч, хүмүүжсэнээ харуулсан, ямар нэг зөрчилд холбогдоогүй, сургалт хүмүүжлийн арга хэмжээнд хамрагдсан зэрэг нөхцлүүд хангагдсан тохиолдолд тухайн хүмүүжигчийн хоригдож буй хорих байгууллагын зөвлөлөөр авч хэлэлцдэг. Тус зөвлөл тус хүмүүжигчийг засарсан, магадлангаар гаргах саналаа шийдвэрээ прокурорын газар  хүргүүлж, прокурор боломжтой гэсэн дүгнэлтээ тухайн харьяалагдах шүүхэд хүргүүлж, харьяалах шүүхийн шүүгч нь шийдвэр гаргаснаар магадлангаар суллагдаг аж.

Тав хүртэл жилийн хорих ялтай хүн ялынхаа 50 хувийг эдэлсэн тохиолдолд магадлангаар суллагдах боломж үүсдэг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж