Идэр есийн хүйтэнд нүүрсний хулгайтай тэмцэж, хулгайчдыг илрүүлж, хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн бухимдсан олон хөхөө өвлийн хүйтнээр төрийн ордонг тойрон гороолж байлаа. Нүүрсний хулгай нүүрлэсэн. Гэхдээ түүнд хэн хэн холбогдож, хэдий хэмжээний үнийн дүн яригдах талаар ч нарийн мэдээлэл байхгүй ч ямартай ч нүүрсний хулгайд холбогдсон хэн бүхэнтэй тэмцэнэ гэдгээ эрх баригчид амлаж байв. Хамгийн багадаа 40 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний нүүрсний хулгай гарсан байх магадлалтай гэв. Баримжаалвал, Монгол Улсын хоёр жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө нүүрсний хулгайн асуудлын цаана яригддаг.
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хэн бүхнийг нийгэмд ил зарлаж, хариуцлага тооцохоор хууль шүүхийг байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт иргэд итгэж байлаа. Гэтэл өнгөрсөн 10 сарын хугацаанд нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын анхны хэлэлцүүлгийг л хийв. Хамгийн хачирхалтай нь, нүүрсний гэх тодотголтой хэрнээ нүүрстэй холбоотой ямар ч зүйл заалтаар шалгуулаагүй гэдгээ"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдсэн. Цагтаа саарал ордонд суудаг хэн бүхэн шил дарааллан нүүрсний хэрэгт нэр холбогдож, АТГ-аас хэний нэрийг нэмж зарлах бол гэхээс айж суусан. Гэтэл өнөөдөр нүүрсний хулгай гэдэг үгийг тэд бараг л мартсан байх.
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарласан.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох “АТГ, ТЕГ, ЦЕГ хамтран нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахтай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Долоо хэрэг мөрдөн байцаалтад байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 объектод шалгалт хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьсон байна. Цагдан хорьсон иргэдээс мэдүүлэг авч байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна. Нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК 20 сая төгрөгөөс дээш үнийг дүнтэй 76 худалдан авалт хийсэн байна. Мөн нүүрс борлуулалтын 636 гэрээ хийжээ. Нүүрс тээвэрлэлтийн 300 гаруй аж ахуйн нэгж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний хулгайн хэрэгт дараах албан тушаалтанууд шууд болон шууд бусаар холбогдож байна.
Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
АТГ-аас зарласан 17 нэр бүхий хүмүүс эхнээсээ ил, далд дараагийн сонгуульдаа бэлдэж, байтлаа бүр эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж яваа харагдана. УИХ, Засгийн газрын түвшинд 20 гаруй хүн шууд нэрлэгдэж байсан АТГ-аар дээрх 17 хүний нэрийг зарласан. Үүний ард одоогийн Засгийн газрын нэр бүхий гишүүд, УИХ-ын дийлэнх гишүүдийн хувь заяа холбоотой гэдгийг бүгд мэднэ.Энэ цагаас хойш даруй 10 сар орчим хугацаа өнгөрч байхад нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийн хэрэг хаана очиж замхарч, хэн дээр хав дарагдав.Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлж байгаад шалгалтын үйл ажиллагаа эрчимтэй явуулах итгэл үнэмшил төрүүлсэн УИХ-ын гишүүдэд холбоотой хэрэг ямар шатандаа явж байгааг мэдэх хүн алга.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүх хуралдааны үеэр нэг биш нэлээд олон ноцтой мэдэгдэл хийсэн.
Наанаа нүүрсний гэх тодотголтой ч цаанаа 1.8 их наядын хохирол бүхий, 13.7 тэрбумыг авлигад авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа Б.Ганхуягийн тэвчээрийн хязгаар тасарч байгаа бололтой. “Намайг болон энэ 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо. Энд бид золиослогдоод тэд тэнд засагтай, төртэй, тамгатайгаа үлдэж болохгүй. Тэгээд дандаа нүүрсний хэрэг. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Нүүрсний хэрэг гэж сүртэй яриад байсан оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, нүүрсний тендер, хил гаальтай холбоотой хэрэг хаана байна.Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө үлдчих юм уу. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичээд явах юм уу. Эцэггүй хүүхэд байвал над дээр бүгдийг нь биччих” хэмээн анх ам нээсэн. Түүний амнаас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр зүгээр ч нэг уначихаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс гадарлахын дээдээр гадарлаж байгаа. Цаашлаад хэн хэний нэрийг дуудаж, нууцыг задлахыг цаг хугацаа харуулна. Б.Ганхуяг нэгэнт улстөрчдийн тэсрэг бөмбөг болсон гэдгээ өөрөө болоод өрөөлд мэдрүүлж шоронд хоригдож байгаа ч “бяр” нь амтагдаж байгаа нь “Намайг шоронгоос гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна” гэж хэлснээс тод харагдна.
Цаашилбал, намын даргаа, намынхаа бүх гишүүдтэй нь дуудаж авчирахыг ч үүрэгдэв.
“Нүүрсийг надаас өөр мэдэх хүн хэн ч байхгүй. Зарчмын хувьд хэлэхэд муу найруулсан жүжиг яваад байна. Энд ярьж байгаа 11 хүний хэрэг нь 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй. Зохион байгуулалттай бүлэглэл энд байхгүй. Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна, энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүмээр байна. Манай намын дарга хаана байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой” гэв. Өнөөдөр намын даргаа сурагласан бол өөр нэг өдөр хэнийг ч асууж мэдэх Б.Ганхуяг МАН-ын ирээдүйд бодит анхааруулга, сануулга өгсөөр байна. Угтаа МАН-ын дарга, МАН-ын гишүүд ч нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон, хувь хүртсэн байх магадлалтай гэдэг нь “Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир” гэх түүний үгнээс тод харагдсан.
Эцэст нь Б.Ганхуяг ганцаараа биш гэдгээ сануулж бас анхаарууллаа.
Нөгөө талаас Б.Ганхуяг нүүрсний гэх хэргийн зангилаа, ээдрээ, гогцоог тайлах эрэлттэй эх сурвалж гэдгээ илэрхийллээ. Чадал нь байвал шүүхийн танхимаас ч, шоронгийн өрөөнөөс ч гол дүр, гоцлол болж таанц эргэж болдог гэдгийг Б.Ганхуяг харууллаа. Нүүрсний хэрэгт Б.Ганхуяг буруутай байж болох ч ганцаараа биш шүү гэдгээ тод сануулсаар жүжгийн нэгдүгээр үзэгдэл өндөрлөлөө. Мартагдсан бас дарагдсан нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон туслах болоод гол дүрүүд намрын чуулгантай зэрэгцэж нүүрсний сонсгол улс төрийн гол сэдэв байх нь.
Холбоотой мэдээ