Сурвалжлага: 24-ийн цэцэрлэгийнхэнд багш нь ээж нь болдог

Сурвалжлага: 24-ийн цэцэрлэгийнхэнд багш нь ээж нь болдог

Сурвалжлага: 24-ийн цэцэрлэгийнхэнд багш нь ээж нь болдог

“Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа…хэмээн амандаа бувтнах бяцхан охиныг Гэрэл /нэрийг нь өөрчлөв/ гэдэг. Тэр өнөөдөр ангийнхаа жижүүр нь. Үдийн хоолны цаг болж, ангийн найзтайгаа хамтран ширээ сандлаа засч, аяга тавгаа зөөнө. Тэрбээр эгнүүлэн зассан ширээн дээр хиймэл цэцэг, амны цаас, аяга, халбагаа яг тоо ёсоор нь тоолж, сурамгай гэгч нь байрлуулах аж.

Түүнийг хуваарьт ажлаа хийх зуур найзууд нь “Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дууг дуулав. Зарим нь хөгжмийн аянд бүжиглэж, алга ташин зогсоно. Энэ бол нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах 24 цагийн үйл ажиллагаатай 83 дугаар цэцэрлэгийн бэлтгэл “А” бүлгийнхэн.

Энэ бүлэг нийт 28 хүүхэдтэй. Тэдний 17 нь хүү бол 11 нь охин. Цэцэрлэгийн бага бүлгээсээ долоо хоногийн таван өдрийг хамт өнгөрүүлдэг болохоор хүүхдүүд нэг нэгэндээ амь. Хэн нь ямар зантай вэ гэдгийг тун сайн мэднэ.

Ангийн хамгийн сайхан сэтгэлтэй нь Болд, авьяаслаг бүжигчин нь Мишээл, өрөвч сайхан сэтгэлтэй нь Хишиг гээд хүүхдүүд дуу нэгтэй хариулах нь хөөрхөн.

Тэд цэцэрлэгтээ байх хугацаандаа суралцаж, хөгжихөөс гадна гараа угаах, бие засах, ороо хураах, хувцсаа эвхэх гээд бие дааж сурдаг гэдгийг багш нар нь хэлж байв.

Ангийн багш Н.Лхамрагчаа 24 цагийн цэцэрлэгийн багшаар зургаа дахь жилдээ ажиллаж буй. Ганц бүлгийн багш дөрвөн туслах багштай. Туслах багш нар ээлжлэн 24 цагаар ажилладаг байна. Уг нь бүлгийн багш хоёр байх ёстой ч багшийн ажлын байрны хомсдолоос болж, нэг багш ажиллаж байгааг учирлаж байлаа.

Н.Лхамрагчаа багш “Бид хүүхдүүдээ суралцахуйн зургаан чиглэлээр хөгжүүлж байна. Тодруулбал, хэл яриа, дүрслэх урлаг, дуу хөгжим, биеийн тамирын хичээлээс гадна нэмэлт дугуйлан хичээллүүлнэ. Манай ангийн хүүхдүүдийн эцэг эх харьцангуй гайгүй, багштайгаа байнга харилцаатай байдаг.

Мэдээж, багш нар хүүхдүүдэд яаж эцэг эхийг нь орлох вэ. Амралтын өдрийг тэсэн ядан хүлээнэ. Эцэг эхээ хараад баярлана. Хүүхэд л юм чинь анхандаа зарим нэг нь уйлна.

Багш нарын зүгээс маш их дасгаж, хайр халамж үзүүлдэг. Уйлахаар нь тэвэрнэ, аргадна, амттан өгнө. Хүүхдүүдэд маань цэцэрлэг нь хоёр дахь гэр орон нь болсон байдаг. Долоо хоногийн таван өдөр цэцэрлэгтээ байгаа учраас багшдаа, цэцэрлэгтээ их дасна. Зуны амралтаараа хүүхдүүдээ санаад л ажилдаа ирдэг” тухайгаа ярилаа.

Тэрбээр “Би өөрөө гурван хүүхдийн ээж. Ангийнхаа 28 хүүхэдтэй нийлээд 31 хүүхдийн ээж шиг л өөрийгөө боддог. Манай нэг сурагч амралтынхаа өдрөөр гэртээ харьчихаад над руу байнга утсаар ярьдаг” хэмээн инээмсэглэн ярина.

Багштай ийн ярилцах зуур хүүхдүүд хоорондоо тоглож, шуугилдана. Тоглоомоо эвлүүлж чадахгүй нэгэндээ тусалж байгаа харагдана. Эцэг эхийн зөвшөөрөлгүй учраас хүүхдүүдээс яриа авах боломжгүй гэдгийг багш, мэргэжилтнүүд хэлсэн юм.

Дараагийн анги мөн л бэлтгэл бүлэг. Л.Хишигжаргал багшийн анги 13 эмэгтэй, 15 эрэгтэй хүүхэдтэй. Өмнөх ангиас онцлог нь энэ жил шинээр хамрагдсан хүүхдүүдийг нэг анги болгожээ. Биднийг анги руу ороход хүүхдүүд өдрийн цайгаа ууж байв.

“Аав, ээж, гэр орноосоо хол байгаа учраас хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг нь тогтвортой байлгаж, ээжийнх нь оронд ээж болж, хүүхдүүдийг аргадаж зөөллөж ажилладаг. Зарим хүүхдүүд маань уйлна. Хүүхдүүдийн сонирхол татсан  үйл ажиллагаа явуулахаар тайвширдаг. Жишээлбэл, зураг зурах дуртай хүүхдэд зураг зуруулна.

Тэгж явсаар байгаад цэцэрлэгтээ явах дуртай болж, дасч эхэлдэг.

Бүгд биш ч ганц нэг эцэг эх хүүхдэдээ бага анхаарал халамж тавина. Өдрийн цэцэрлэг шиг өдөр бүр эцэг эх нь ирж авахгүй, Баасан гаригт л уулзана. Багш нарын зүгээс цахим хуудсаараа эцэг эхчүүдтэй байнга холбоотой байж, өдрийн үйл ажиллагаагаа танилцуулдаг” тухай ангийн багш ярьсан юм.

Туслах багш Г.Баярмаа долоо дахь жилдээ ажиллаж буй. “Багш нараас ур чадвар их шаардана. Эцэг эхээсээ хол байгаа хүүхдүүдэд цэцэрлэг нь хоёр дахь гэр болж байгаа. Хүүхдүүд хайр халамжийг багш нараасаа их хүснэ. Их хөөрхөн. Ангийнхан маань төрүүлсөн хүүхдүүдээс минь өөрцгүй болчихдог. Өвдөхөөр нь анхны тусламжийг үзүүлж, унтахгүй бол бүүвэйн дуу аялж өгнө” хэмээн хүүхдүүд рүү хараад инээмсэглэнэ.

“24 ЦАГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХАД ТӨЛБӨР АВДАГГҮЙ Ч ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ АХИУ БЭЛДДЭГ”

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 24 цагийн үйл ажиллагаатай хоёр цэцэрлэг байдгийн нэг нь 83 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгт нийт 20 бүлгийн 800 гаруй хүүхэд хүлээж авдаг. Өдрийн 12 бүлэг, 24 цагийн найман бүлэгтэй. 24 цагийн найман бүлэгт нийт 300 гаруй хүүхэд суралцаж байна. Нэг бүлэг дээр 30 хүртэлх хүүхэд байдаг. Үүнээс дээш тооны анги дүүргэлт авдаггүй гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ онцлов.

Энэ цэцэрлэгт Чингэлтэй дүүргийн бүх хорооны хүүхдүүдийг авдаг бөгөөд 24 цагийн бүлэгт эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтийн дагуу хүүхдүүдээ хамруулдаг байна.

Т.Сэлэнгэ “Манай цэцэрлэгийн 24 цагийн үйл ажиллагаатай найман бүлэгт ихэвчлэн аав ээж нь хаяж явсан, хэцүү амьдралтай хүүхдүүд хамрагддаг уу гэвэл тийм биш. Ээлжийн ажилтай залуу гэр бүл болон аав, ээж нь гадаадад суралцаж, ажиллах хугацаанд эмээ өвөө нь өвлийн хүйтэнд өглөө оройд зөөхөд хүндрэлтэй гэдэг үүднээс хүүхдээ хамруулах тохиолдол байдаг. Мөн нийгмийн халамж шаардлагатай байгаа айлын хүүхдүүд өдрийн болон 24 цагийн цэцэрлэгт хамрагддаг. Хагас өнчин, бүтэн өнчин, эцэг эх нь архины хамааралтай, ял эдэлж байгаа айлын хүүхдүүд ч цэцэрлэгт бас хамрагддаг. Бид аль болох хүүхдүүдэд ая тухтай орчин бүрдүүлж ажилладаг. Эцэг эхчүүдийг хүүхдээ эргэж ирэхийг бүрэн зөвшөөрдөг. Зарим нь өнөөдрийн ажил бага байна, хүүхдээ авья гэдэг. Хүсэлтийн дагуу хүүхдийг нь өгч явуулдаг. Мөн зөвлөн туслах тусгай өрөөнд хүүхэдтэйгээ уулзаж ярилцаад явж болно. Улсын цэцэрлэг учраас ямар нэгэн төлбөр авдаггүй бөгөөд хонож байгаа учраас хүүхдийн хоолны зардал өдрийн цэцэрлэгээс илүү байдаг. Мөн эцэг эхээс хүүхдэдээ бэлдэж өгдөг тоо хэмжээ нь ахиу байдаг” гэсэн юм.

Тэрбээр “24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт туршлагатай, хүүхдийг сурган хүмүүжүүлэхээс гадна хүүхдэд хайртай хүнлэг ёс зүйтэй багш нарыг сонгон шалгаруулж ажилд авдаг. Багш нар маань хүүхдүүдтэй маш сайн тулж ажилладаг. Аль болох эцэг эхийн хайраар дутаахгүй байхыг хичээж, хоёр дахь гэр болсон цэцэрлэгийн орчинд баяр жаргалтай, шим тэжээлтэй хоол өгөхийг зорьдог” тухай ярилаа.

“ХҮҮХЭД ХАЙРЫГ ӨӨРТ НЬ ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЦАГ ХУГАЦААГААР МЭДЭРДЭГ”

Сэтгэл зүйч Ж.Үйлст:

-Сэтгэл зүй хүний тархины үйл ажиллагааг судалдаг. Тархи судлалын шинжлэх ухаан гэж хэлж болно. Хүүхдийн физиологийн өсөлт хөгжил, оюун санааны өсөлт хөгжил, сэтгэл зүйн өсөлт хөгжил маш чухал. Харин 24 цагийн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд эцэг эхийн анхаарал, халамж гэдэг зүйл учир дутагдалтай байдаг. Долоо хоногийн таван өдөр нь эцэг эхээсээ хол байна. Үлдсэн хоёр хоногт нь яг эцэг эхтэйгээ цагийг өнгөрүүлж чадаж байна уу. Аав, ээж нь ажил төрлөө хийгээд өвөө, эмээтэйгээ байна уу гээд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хомс болж байгаа юм.

Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног буюу эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос хоёр нас хүртэлх энэ хугацаа хамгийн чухал үе байдаг. Энэ үед хүүхдийн тархи маш хурдтайгаар хөгждөг.

Мөн 2-6 нас хүртэл эрчимтэй хөгжил нь арай буурсан ч нийт үхэх хүртэлх хугацааг тооцож үзвэл 70 хувийн тархины үхжилт зургаан нас хүртэл явагддаг гэх судалгаа бий. Тэр өсөлтөд юу юу нөлөөлж байгаа вэ гэхээр хүүхдийн хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал нөлөөлдөг. Хүүхдийн анхдагч хэрэгцээ нь эцэг эхтэйгээ хамтдаа чанартай цагийг өнгөрөөх байдаг. Тэр цаг хугацаа, эцэг эхийн харилцаанаас хүүхэд ээнэгшил буюу эцэг эхтэйгээ холбогдсон гэдэг мэдрэмжийг авдаг. Энэ  нь хүүхдийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй. Аав, ээж надад хайртай, би бол хамгаалагдсан, үнэ цэнэтэй, чухал гэдэг мэдрэмжийг мэдэрдэг. Хүүхэд хайрыг өөрт нь зарцуулж байгаа цаг хугацаагаар мэдэрдэг. Энийг маш олон сэтгэл зүйч хэлдэг. Гэтэл тэр цаг хугацаа байхгүй болохоор хүүхэд би чухал биш, хайрлагдаж, хамгаалагдаагүй гээд сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдахгүй болж ирдэг. Энэ нь хүүхдэд асар их стрессийг өгч, физиологийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Мөн сурах оюун санааны хөгжилд нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ илүү цаг зарцуулж, хайр халамжийг мэдрүүлж байхыг хүсье.

Судлаач Б.Бурмаажав нарын мэргэжилтнүүдийн 2011 онд хийсэн судалгаагаар 5-5.11 сартай эрэгтэй, эмэгтэй хүүхдийн биеийн жин, өндрийг судалсан судалгааны үр дүнтэй 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн өндөр ба жинг харьцуулсан байдаг. Эрэгтэй хүүхдүүдийн 47.8 хувь нь хэвийн жинтэй байгаа ч биеийн өндрийн хувьд 51.2 хувь нь дундажаас намхан байна. Харин охидын биеийн жин 33.9 хувь нь хэвийн, харин 66.4 хувь нь жингийн өөрчлөлттэй, өндрийн хувьд 41.9 хувь нь дундаж өндөртэй байна.

Энэ нь эцэг эхээсээ хүүхэд тусдаа амьдрах, хайр халамж хангалттай биш байх нь хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлж, биеийн өсөлт хөгжил нь хэвийн бус байна гэсэн судлаачдын дүгнэлттэй нийцэж байжээ.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

====Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Irgen 2023-09-28 59.153.115.183

Хуухдийг 8 нас хуртэл эцэг эхтэйгээ л байх хэрэгтэй.24 – цэцэрлэг гэдэг тусгуй. Хуухдийн сэтгэл санаа , эруул байх эруул есехед ээж аав л чухал.,,

Avatar

Данко 2023-09-28 96.248.41.119

Авилгачид бараг бүх халамжийг хүүхэд рүү чиглүүлж байгаагаас шалтгаалан тархины тураалт монголчууд хүүхдийг мөнгө олох хэрэгсэл гэж тооцоолон гаргаж байна. Харин бусад улсын иргэдийг хүүхдийг хайрлан өсгөх гэж төлөвлөн төрүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж