Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг эрчимжүүлж, энэ өвөл иргэдэд хүндрэл учруулахгүй гэдгээ тус салбарынхан онцолж буй. Гэвч эд ачааллын үе болох ажил, сургуул орох, тарах үеэр иргэд автобус багадаа 30 минут хүлээж байгаа бөгөөд эхний ирсэн чиглэлийн автобусандаа багтдаггүй талаар хэлж байна. Тиймээс бид ачааллын цагуудад автобусны зогсоол дээрх нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Зорчих чиглэл маршрутын автобусууд түгжрэлээс шалтгаалж төв замынхаа нэг талд бөөгнөрч, зогсч байгаагаас эргэлт удааширч, автобус хоорондын хүлээгдэх хугацаа урт байгааг иргэд хэлж байлаа.
Монгол Улсын Боловсролын их сургууль, Мөнгөн завьяагийн автобусны зогсоол дээр нийт 30 гаруй чиглэлд зорчих иргэд автобус хүлээдэг. Мөнгөн завьяагийн тухайд нийт 15 чиглэлийн автобус ирдэг бол МУБИС-ийн гурван талаас 10 гаруй чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг байна.
ЧИГЛЭЛИЙН АВТОБУСАА ХҮЛЭЭЖ, ХҮЛЭЭЖ СУУХ ГЭХЭЭР ЗАЛУУЧУУД ДАЙРДАГ
Зорчих маршрутынхаа нийтийн тээвэрт сууна гэдэг ачааллын цагуудад иргэдээс овсгоо шаарддаг. Тиймдээ ч хэн түрүүлж ирсэн нь биш хэн илүү хүч чадал, хурдтай байгаа нь өөрийн явах чиглэлийн автобусандаа дайрч суудаг байна. Үүнийг иргэд төдийгүй автобусны хянагч нар хэлж байлаа. Мөн ачаалал ихтэй үед нийтийн тээвэрт үнэгүй зорчдог, смарт картаа уншуулдаггүй, жолоочид бэлэн мөнгө өгөх тохиолдол ихэсдэг байна. Тиймээс өглөө, оройн тодорхой цагуудад автобусны хянагч нар зогсоол дээр нэмэлтээр гардаг аж.
Хянагч, жолоочид иргэдэд шаардлага тавьдаг ч хүлээж авдаг ухамсартай хүн цөөн байна. Учир нь бүгд ажил, сургууль, гэр рүүгээ яарч байгаа учраас амжаад чиглэлийн автобусандаа суухаа л урьтал болгодог гэсэн юм.
Хэдийгээр автобусны тоог нэмж, хүртээмжийг сайжруулахаа салбарынхан илэрхийлээд байгаа ч бодит амьдрал дээр өнгөн дээрх үзүүлэн тоглолт болж байгааг ч иргэд шүүмжилж байна. Төвийн хэсэгт зорчих автобусны тоог нэмж, гэр хороолол, захын бүсүүд рүү явах автобусны тоонд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь өнөөгийн нийтийн тээврийн үйлчилгээний салбар муу дүн авахад хүргэж байгаа юм. Нэг талдаа шинэ автобусаар парк шинэчлэлт хийгээд нийтийн тээврийн салбар хөгжөөд байгаа мэт боловч ачааллын үеийн автобус хүлээгдэх хугацаанд өөрчлөлт орохгүй байгаа нь харамсалтай.
Ж.СҮХБААТАР: АВТОБУСААР ЗОРЧДОГ 560 МЯНГАН ХҮНИЙГ 800 МЯНГА БОЛГОНО
Нийслэл хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийг хийснээр автобусаар зорчиж байгаа хүний тоо 560 мянгаа 800 мянгад хүрэх боломжтой гэсэн. Гэхдээ иргэдийн зүгээс нийтийн тээврийг сонгох хүсэлтэй байвч үйлчилгээ, хүртээмжээс шалтгаалж хувийн унаагаар явахыг илүүд үзэж байна.
Гадаа хүйтэн, сэрүүнд 40-60 минут автобус хүлээснээс хувийн машиндаа түгжирсэн ч дулаахан явсан нь дээр гэдгийг хэлж байгаа юм.
Тиймээс энэ салбарт бодит үр дүн гаргах шинэчлэлт хэрэгтэй. Өндөр дүнтэй үйлдвэрийн шинэ автобус биш үйлчилгээнд явж байгаа зорчигч тээврийн нэгдлүүдээ цэгцэлж, үйлчилгээний чанарт нь стандарт мөрдүүлэх хэрэгцээ шаардлага үгүйлэгдэж байна. Иргэд нийтийн тээврээр зорчихгүй биш үйлчилгээнд нь сэтгэл ханамжгүй байгаа учраас л олон цаг түгжирсэн ч хамаагүй хувийн тээврийн хэрэгслээ сонгож байгаа. Гагцхүү гаргалгааны хувьд салбарынхан нь анхаарч, маршрут, зорчих чиглэл хүртээмжийн хувьд анхаарч үзэх хэрэгтэй байгааг иргэд хэлж байна. Иргэдийн сэтгэгдлийн талаар энд дарж үзнэ үү.
ХОЛЫН ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНЫ ТООГОО НЭМЭЭГҮЙ БАЙЖ ЗОРЧИХ ҮНИЙГ 1000 ТӨГРӨГ БОЛГОНО ГЭДЭГ УТГАГҮЙ
Бороо орсон, салхи шуургатай өдөр автобусны эргэлтийн хугацаа саарч, бусад өдрүүдээс илүү олон минутаар хүлээх шаардлагатай болдог байна. Дээд тал нь цаг хүлээсэн автобусандаа суух гэхээр багтахгүйгээс дахин дараагийн автобусыг хүлээдэг. Гэхдээ төвийн чиглэлд зорчиж байгаа хүмүүсийн хувьд энэ тохиолдол бага гардаг байна. Харин Шархад, Зунжин, Улиастай зэрэг холын чиглэлд зорчих хүмүүст их тохиолддог гэв.
Тиймээс иргэд холын чиглэлийн автобусны тоогоо нэмээгүй тохиолдолд автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг тус газрын цахим хуудаст хандаж өгөх боломжтой.
Холбоотой мэдээ