Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2023.09.27) Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороо нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Тамгын газарт ажиллаж байсан 100 гаруй ахмад ажилтантай.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ахмадуудад Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр, жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн, Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Улсын Их Хурлын Тамгын газар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээлээ.
Түүнчлэн та бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр ямагт бахархаж байдаг гээд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн чиг үүргээс гадна найм дахь удаагийн Парламентын Тамгын газрын онцлогийн талаар танилцууллаа. Тухайлбал 2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 76 гишүүнтэй байсан парламент 126 гишүүнтэй болох гэж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газар шинэ парламентын бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн талаар мэдээлж, санал солилцов.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар126 гишүүнтэй парламентын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ахмадуудын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар, санал бодлыг тусгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэх зэрэг зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулаад, нийт ахмадууддаа эрүүл энх, амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин үг хэлэв. Тэрбээр ахмадуудын нийгмийн халамж, хамгааллын чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд, цаашид анхаарах болон хамтарч ажиллах ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороо нь 100 гаруй ахмад ажилтантай бөгөөд 60 хувь нь 70-аас дээш насныхан, 10 гаруй хувь нь 80-аас дээш насныхан байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ