Засгийн газар, Монголбанк хоёул гадаадын банк оруулж ирэх талаар нэгдсэн байр суурьтай болсон гэдгээ өнгөрсөн долдугаар сард зарласан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнест хямд эх үүсвэр бий болох төдийгүй банкны салбарт чөлөөт өрсөлдөөн бий болж эрүүлжинэ гэж тооцож буй. Тэгвэл Монголбанк үүнийг ажил хэрэг болгохоор УИХ-д өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлнэ гэсэн байна. Шаардлагатай бол өнөөгийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаа ч дурджээ.
Ингэснээр зээлийн хүү буурч, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн банкны салбарт бий болно гэж тооцсон байна. Энэ нь банкны салбарын тогтвортой өсөлтийг эрчимжүүлэх гэнэ.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд Монголд гадаадын банк төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах эрх нээлттэй байгаа. Тэгвэл Монголбанк энэ удаад гадаадын банкны салбар, нэгжийг зөвшөөрөх талаар зоригтой ажиллах бололтой. Гадаадын банкны салбар, нэгж үйл ажиллагаагаа явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загварт нь тохируулан нарийвчлан тогтоох аж.
Нөгөө талаар УИХ-аас 2023.01.20-нд баталсан Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар гадаадын томоохон банкууд Монголд үйл ажиллагаа явуулах нээх эрх нээгдсэн. Уг хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зээл олгох, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах эрхийг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
МОНГОЛД ГАДААДЫН 2 БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА
Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд гадаадын Standard Chartered, ING, Bank of China, ICBC, MUFG, SMBC гэх 6 банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар Английн Standard Chartered, Недерландын ING болон Японы SMBC банкууд Монголыг орхиж гарсан. Хятадын Bank of China, ICBC банкууд л Монголд үлдээд байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байлаа. Тэрбээр “Монголд гадаадын банкны салбарыг байгуулах нь зөв, буруу гэж маргах зуурт дөрвөн банкны төлөөлөгчийн газар үүдээ хааж, нутаг буцсан. Үлдсэн банкуудын хувьд мега төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Европын банкуудын тухайд, манай улсад гурван жил ажиллачихаад банкаа нээхгүй байх шийдвэр гаргасан бол Японы SMBC банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн оны босгон дээр шийдвэр гаргаж, нутаг буцсан” гэх тайлбарыг өгч байсан юм.
Эргэн сануулахад, Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар гадаадын банк оруулж ирэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байдаг.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гадаадын банк оруулж ирээд л шууд арилжааны банкуудын зээлийн хүү буурах талаар тайлбарлаж байсан юм.
Эдийн засаг судлаачдын зүгээс гадаадын банк орж ирлээ гээд зээлийн хүү шууд буурчихгүйг тайлбарладаг. Учир нь зээлийн хүү хадгаламжийн хүүнээс давж тогтдог. Өнөөдөр Монгол Улсад хадгаламжийн хүү 15 хувьд тогтож байна. Дээр нь инфляц 10 гаруй хувьтай, Төв банкны бодлогын хүү мөн 13 хувьтай байгаа нь зээлийн хүү 10 хувиас буух боломжгүйг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ зээлийн хүүг илтгэдэг.
Д.МЯГМАРДОРЖ
Холбоотой мэдээ