Геополитикийн томоохон өөрчлөлтүүд болон Төв Азийн эдийн засаг, улс төрийн чадавхи эрчимжиж байгаа энэ үед Германы бүс нутаг дахь сонирхол сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Герман улс нь Европын холбооны хамтаар АНУ-ын стратегийн ноёрхлоос салж, Хятад, Оростой дэлхийн олон туйлт өрсөлдөөнд оролцохыг зорьж байна. Үүнийг өнгөрсөн зургадугаар сарын 14-ний өдөр танилцуулсан Германы үндэсний аюулгүй байдлын иж бүрэн стратегиас харж болно.
ХБНГУ-ын Төв Азитай харьцах гадаад бодлого нь хоёр чиглэлд зэрэгцэн явж байна. Юун түрүүнд Германы гадаад бодлого нь Европын бүс нутгийн стратегитай нягт холбоотой. Тус улс нь 2007 онд анх батлагдаж, улмаар 2019 онд шинэчлэгдсэн Европын холбооны Төв Азийн стратегийн гол загварыг гаргасан. Хоёрдугаарт, герман хэлээр ярьдаг цөөнхүүдийг дэмжих зэрэг бие даасан үүрэг даалгавраа тус бүс нутагт хэрэгжүүлдэг.
Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Узбекистан, Казахстан, Киргиз улсуудад хийсэн айлчлалуудыг багтаасан хамгийн сүүлийн үеийн дээд хэмжээний уулзалтууд болон Германы удирдагчдын оролцоотой өндөр түвшний айлчлалууд, хурал нь Герман болон Төв Азийн хоорондын яриа хэлэлцээ эрчимжсэнийг харуулж байна.
Төв Азийн шинжээчид энэ бүс нутгийн өвөрмөц байршил, түүхэн замнал, институцийн бүтэц, хөгжлийн парадигм зэргээс шалтгаалан өнөөгийн геополитикийн зөрчилдөөнд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.
Гэсэн ч тус бүс нутаг нь Украин дахь дайны нөлөөлөлд хамгийн их өртсөн бүс нутгийн нэг юм. Барууны хоригт өртсөн Афганистан, Иран, Хятад, Оросоор хүрээлэгдсэн Төв Азийн бүгд найрамдах улсууд Москвагийн эсрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ хориг арга хэмжээний үр дагавартай тэмцэж байна.
Харин Европ нь хоёрдогч хориг арга хэмжээ авах замаар Төв Азид заналхийлж байна. Тус бүс нутагт Европын холбооны хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тусгай элч Дэвид О’Салливан , Их Британийн Гадаад хэргийн яамны хориг арга хэмжээний захирал Дэвид Рид нар айлчилсан нь Кремлийн хүчин чармайлтад Төв Азийн оруулсан хувь нэмрийг барууныхан онцолж буйг харуулжээ. Оросын эсрэг хоригийн дам нөлөө Узбекистан, Киргизстаны олон бизнес эрхлэгчдэд хэдийнэ мэдрэгдээд эхэлсэн байна.
Герман 2010 оноос хойш Хятадтай эдийн засгийн гүнзгий хамтын ажиллагаа явуулахаас болгоомжилж ирсэн. Хятадын олон улсын эдийн засгийн төслүүдийн талаарх Германы байр суурь нь үүний тод жишээ юм.
Герман Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэн орсон бөгөөд одоо түүний дөрөв дэх том хувьцаа эзэмшигч болсон ч "Бүс ба Зам" санаачилгаас татгалзсан. Герман улс өнгөрсөн долдугаар сард Хятадад баримтлах бодлогоо баталсан. Герман улс дотоодын болон Европын хэтийн төлөв, аж үйлдвэр, улс төрийн хооронд тэнцвэртэй байдлыг тогтоохыг хичээсээр байна.
Түүгээр ч барахгүй Герман сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын нөлөөг бууруулахын тулд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай дипломат харилцаагаа эрчимжүүлсэн. Германы улс төрчид 2020 оноос хойш Энэтхэг-Номхон далайн бүс нутагт урьд өмнө байгаагүй дипломат үйл ажиллагаа явуулж, бүс нутгийн бусад гүрнүүдийн удирдагчидтай ойр ойрхон уулзаж байна.
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагтай Герман улс Европын холбооны бусад орнуудтай хамт 2010 онд Орос, Хятад хоёрын дараа Төв Азийн гурав дахь том худалдааны түнш болсон.
Дараагийн жилүүдэд тус бүс нутагт Германы эдийн засгийн сонирхол улам л нэмэгдэв. 2021 онд Узбекистан болон Европын холбооны худалдааны эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрч, үүний дөрөвний нэг нь Германтай хийсэн бараа эргэлт байна. Узбекистанаас Герман руу хийсэн хоёр талын худалдааны хэмжээ, бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ ч нэмэгджээ.
Герман улс 2022 онд ЕХ-ны орнуудын дунд худалдаа, эдийн засгийн тэргүүлэгч түнш болж, Узбекистан болон Европын холбооны хоорондох нийт худалдааны бараг 26 хувийг эзэлжээ.
Гуравдугаарт, талибанчууд Европтой яриа хэлэлцээ хийхээс татгалзсаны улмаас Төв Азийн орнууд Афганистантай холбоотой Германы чухал холбоотон болж байна. Төв Азийн орнуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах арвин туршлагатай Берлин нь Афганистанд цэргийн болон тусгай ажиллагаа явуулахад илүү хариуцлага хүлээсэн. Тухайлбал, 2021 онд Герман Узбекистаны дэмжлэгтэйгээр Афганистанаас цэргийн болон бусад албан хаагчдаа нүүлгэн шилжүүлсэн.
ХБНГУ Төв Азийн бүс нутгийн үйл явцад оролцох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Европ, Төв Азийн хооронд оршдог Оросын өргөн уудам нутаг дэвсгэрийн улмаас үүссэн бүс нутаг хоорондын ялгааг арилгах, харилцаа холбооны асуудал, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг бүтцийн зарим асуудлыг шийдвэрлэх ёстой.
Ер нь Герман Европын холбооны Төв Азийн бодлогын чиг хандлагыг тодорхойлдог. Энэ бүс нь Герман болон Европын холбооны зорилтуудыг хэрэгжүүлэх гол тавцан болж байна. Энэ бүс нутаг Германы геополитикийн тогтвортой байдал, ялангуяа хүнс, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ бол хүн бүрт, ялангуяа Төв Азийн орнуудад ашигтай нөхцөл байдал. Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн улс орнуудад гео эдийн засаг, геополитикийн үр өгөөжийг өгөхөөс гадна Хятад болон тэлж буй орон зайг нөхөх сонирхолтой бусад байгууллагуудын эсрэг "хяналт, тэнцвэрт байдлын" стратегийг хэрэгжүүлэхэд туслах болно.
Улс төр, цэрэг, бусад ашиг сонирхлоо хамгаалахын тулд Герман гео-стратегийн болон гео-эдийн засгийн капиталыг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.
ХБНГУ-ын гол үүрэг бол Төв Азийн орнуудад Орос, Хятадын хөрөнгө оруулалтаас хамааралтай байдлаа бууруулах, ялангуяа худалдаа наймаанд туслах явдал юм. Германы технологи, мэдлэг, ялангуяа дижиталчлал, ногоон эдийн засаг зэрэг салбар дахь Төв Азийн Хятад руу экспортлох өсөлтийн нөөцийг бий болгоход тус дөхөм болно. Энэ нь 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрч, нийт 298 тэрбум евро болсон Германы Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулахад тусална.
ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT
Холбоотой мэдээ