Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Энэхүү мэдээллээр ирэх сард баруун болон төвийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол говийн бүсэд цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
-Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас багатай, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С градусаар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
-Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин Өвөрхангайн нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.
Агаарын температур хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхэнд нутгийн хойд хэсгээр 2, 3 – нд ихэнх нутгаар хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
-Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Хэнтийн баруун хэсгээр хур тунадас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур сарын эхэнд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 2–3-нд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С-аар сэрүүснэ. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3 °С-аар хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхэнд ихэнх нутгаар хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
-Энэ сард агаарын дундаж температур Говьсүмбэрийн нутаг, Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С-аар сэрүүхэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, салхи зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ