Өмнөд Солонгос улс нь Зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа цэргийн парад зохион байгуулж, орчин үеийн дэвшилтэт пуужин, зэвсгүүдээ гайхуулав. Үүгээрээ мөн цөмийн зэвсэгтэй хойд хөрш Хойд Солонгост анхааруулга өгчээ.
Цэргийн жагсаал өчигдөр өглөө Сөүлийн өмнөд хэсэгт байрлах агаарын баазад болсон бөгөөд 6000 орчим цэрэг парад алхаж, олон арван пуужин харвагч, "К2" байлдааны танк, "К9" өөрөө явагч гаубиц зэргийг харуулжээ.
Харин агаарын шоунд АНУ-ын "F-35A" сөнөөгч онгоцууд болон дотоодын үйлдвэрийн "KF-21" тийрэлтэт онгоцоор үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан цуцлагдсан байна.
Олны анхаарлын төвд байгаа хамгийн сүүлийн үеийн техник хангамжийн дунд Өмнөд Солонгосын шинэ "Хёнмоо" "газар-газар" ангиллын пуужин болон түүний хол тусгалын "газар-агаар" пуужингийн систем буюу "L-SAM" зэрэг нь Пёньяны цөмийн аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээний гол хэсэг гэж үзжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл хэлсэн үгэндээ, өнгөрсөн 75 жилийн хугацаанд тус улсын армийн хөгжлийг өндрөөр үнэлж, “Дайснуудаа айлгаж, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн дэлхийн хүчирхэг хүчин болон өслөө” гэж онцолжээ. Мөн тэрбээр АНУ, Японтой цэргийн холбоогоо бэхжүүлж, цөмийн зэвсэгтэй Хойд Солонгост хатуу анхааруулга өгсөн байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр үдээс хойш Сөүлийн төв хэсэгт 4000 орчим цэрэг, сонсогч, түүний дотор АНУ-ын 300 байлдааны цэрэг, 170 техник хэрэгсэл оролцсон парад болжээ.
Өмнөд Солонгос улсад аравдугаар сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний өдрийг таван жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ 2018 онд Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахаар зорьж байсан тул Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэлгүй алгасч байв.
ЭХ СУРВАЛЖ: UPI
Холбоотой мэдээ