Боловсрол шинжлэх ухааны яамнаас багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулсан. Тодруулбал, БШУЯ-аас багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд ерөнхий боловсролын 681 сургууль, 28 мянга 382 багш хамрагдсан бөгөөд үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна.
Багшийн гүйцэтгэлийг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий зургаан шалгуураар хэмждэг байна.
Энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ гэдгийг онцолсон юм. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн зардлын гүйцэтгэл хоёр дахин өссөн болохыг тоон дүнгээр харуулжээ. Тодруулбал,
- 2021 оны есдүгээр сард багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг,
- 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг,
- Энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Харин цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны есдүгээр сард 24,3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны есдүгээр сард 35,2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ сард 60,1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.
Багш нарын зүгээс гүйцэтгэлийн урамшуулал цалингаас гадна үндсэн цалинг нэмэхийг шаардаж байгаа бөгөөд салбар яамнаас тодорхой хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ одоогоор 160 гаруй сургуулийн багш нар үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулж мэдэгдээд байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайдын зүгээс багш нарын цалин урамшууллыг шат дараатайгаар тогтмол нэмж, сайн ажиллаж байгааг урамшуулна гэдгээ өмнө мэдэгдэж байв.
Холбоотой мэдээ