Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэх зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэрийг өөрчлөх шийдвэр гаргасан юм.
Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автомашины улсын дугаарыг бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод цэнхэр өнгөтэй болгох талаар заасан юм.
Тиймээс энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газраас гаргасан 204 дүгээр тогтоол, шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа талаар сурвалжиллаа.
"ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АЛБАНЫ БУС ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛСОН"
Иргэдийн сайн мэдэх “Хэвлэлийн хүрээлэн”-гийн зүүн хойд талд Нийслэлийн төр захиргааны авто бааз УТҮГ байрлана. "Гадны хүн орохыг хориглоно" гэсэн бичиг төмөр хашаан дээр байрлуулжээ. Төд удалгүй төмөр хашааны хаалга автоматаар алгуурхан онгойв. Тус авто баазад Улаанбаатар хотын харьяа газар, хэлтсүүдэд дуудлагын автомашинаар үйлчилгээ үзүүлдэг байна. Тус авто баазад 90 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэдгийг Нийслэлийн төр захиргааны авто баазын дарга Э.Болор-Эрдэнэ хэлж байна.
Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу Засгийн газрын 2022 онд ЗГХЭГ-аас гаргасан журмын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны долдугаар сарын 19-нд гарсан байна. Тиймээс нийслэлийн харьяа газар, хэлтсүүдэд дуудлагаар үйлчилж байгаа тээврийн хэрэгслүүдийн дугаарыг хөх дэвсгэртэй болгож өөрчлөх ажил тус авто баазад есдүгээр сарын дунд үеэс эрчимтэй хийгдсэн аж.
Үүний дагуу Нийслэлийн авто бааз ТӨҮГ-ын 86 тээврийн хэрэгсэл цэнхэр дэвсгэр бүхий дугаарын өөрчлөлтөд хамрагдах судалгаа гарснаас одоогийн байдлаар 65 тээврийн хэрэгсэлд дугаарын өөрчлөлт хийгээд байгаа аж.
“Иргэдийн дунд хар машин л бол дарга нар унадаг, татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг” гэсэн шүүмжлэл их байдаг гэдгийг Нийслэлийн төр захиргааны авто баазын дарга Э.Болор-Эрдэнэ нуусангүй. Харин төрийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн дугаарын өнгийг хөх дэвсгэртэй болгож өөрчилснөөр олон нийтэд “Энэ бол төрийн албаны тээврийн хэрэгсэл” гэсэн ялгаа заагийг тодорхой болгож, давхар хяналт тавих боломжийг нээж өгсөн гэнэ. Үүний үр дүнд төрийн автомашины зөв хэрэглээний асуудал хөндөгдөж, үйлчилгээ нь ч чанаржиж байгаа гэдгийг тодотгож байна.
Цэнхэр дэвсгэр бүхий тээврийн хэрэгслээр хүүхдээ хүргүүлэх, эхнэр нь дэлгүүр хэсэх, ээж аавыгаа зөөх гэх мэт албаны бус зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй болсон гэв.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 789 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн төр захиргааны авто бааз журамдаа өөрчлөлт оруулж, дуудлагын авто машинаар үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Өмнө нь нэг байгууллага дээр нэг тээврийн хэрэгсэл хуваарилж үйлчилгээнд явуулдаг байсан бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу байгууллага бүрт автомашин хуваарилах биш нэгдсэн тогтолцоотой болгожээ. Үүний үр дүнд нэг автомашин хэдэн ч газар үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, Нутгийн байгууллагуудын дотоод сүлжээ ERP дээрээ дуудлагын автомашины сүлжээг байршуулж, тус сүлжээгээр дамжуулан автомашин шаардлагатай байгууллагууд авто баазын нэгдсэн системд дуудлага өгч, баталгаажуулдаг болжээ. Дуудлага баталгаажсаны дараа үйлчилгээ хүсэгч байгууллага нь ямар төрлийн тээврийн хэрэгслээр хэдэн цагийн үйлчилгээ авах, хэдэн километр явах гэх мэт бүх нарийн тооцооллыг нь хийгээд автомашин хуваарилж гаргадаг болсон байна.
Ийнхүү автомашины дуудлагын нэгдсэн системтэй болсноор олон цаг дарга хүлээх, ахуйн ажилд нь явах гэх мэт ойлголтууд бүрэн арилсан гэх мэдээлэл өглөө.
Тийм учраас цэнхэр дэвсгэр бүхий автомашинууд зориулалтын бус үйлчилгээнд явдаг гэсэн ойлголт цаашид байхгүй болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Эцэст нь цэнхэр дэвсгэр бүхий дугаарыг шинээр хэвлүүлэхдээ Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерт шалгарсан компаниар нэг үнийг нь 25 мянган төгрөгөөр тооцож хэвлүүлсэн гэдгээ хэлж байна.
С.БЯМБАЦОГТ: ИРГЭДИЙН ХЯНАЛТ САЙЖИРЧ, ТҮГЖРЭЛ БУУРНА
Засгийн газрын шийдвэр гаргаснаас хойш төрийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдийг цэнхэр дугаартай болгох ажил хэсэгтээ удааширсан. Тиймээс тус ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ Зам тээвэр, хөгжлийн сайд хэлж байв. Бид уг ажлын явц ямар шатанд үргэлжилж байгааг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодруулахад "Монгол Улсын автотээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчид 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр болсон. Гэхдээ эхний ээлжид Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагын 1200 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажил үргэлжилж байгаа" гэдгийг тодотгов.
Мөн "Дээр дурдсан тооны автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр , тоо, үсэг ба хүрээ нь цагаан өнгөтэй болгож өөрчилснөөр төрийн байгууллагын автомашинуудын хөдөлгөөнд оролцож буй байдал ил тод болох юм. Өөрөөр хэлбэл, төрийн автомашиныг хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Мөн төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор тавьж, автомашины түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой. Төрийн автомашиныг хувьдаа ашиглаж хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг, эхнэр, хүүхдүүд нь аялж зугаалдаг, орой үдэш баар, ресторан хэсдэг гэх мэтээр шүүмжилдэг. Тиймээс дугаарын өнгийг солих нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, төрийн өмчийн автомашин хаана явж, зогсож буй нь ил тод болж, иргэд, олон нийт хяналт тавих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, цэнхэр өнгийн дэвсгэртэй улсын дугаартай автомашин аль нэгэн рестораны гадна зогсож байна уу, сургууль, цэцэрлэг рүү хүүхдээ зөөгөөд явж байна уу гэдгийг хянах, мэдээлэх бүрэн боломжтой гэсэн үг.
Иргэд, олон нийт улсын дугаарын дэвсгэрийнх нь өнгөөр төрийн автомашин гэдгийг танихаас гадна QR код уншуулдагтай адил тухайн дугаарыг нь цахимаар уншуулж, хэн гэдэг дарга, албан тушаалтны эзэмшлийн автомашин болохыг мөн мэдэх боломжийг бүрдүүлнэ.
Ингэж хяналт тавьснаар автомашины түгжрэл ч мөн тодорхой хэмжээнд буурна. Хотын төв хэсэгт ялангуяа Сүхбаатарын талбай, Төрийн ордон тойроод автомашины түгжрэл үүсдэг гэдгийг бүгд мэднэ. Энэ түгжрэл бусад авто замынхаа урсгалд нөлөөлж байгаа. Тиймээс төрийн автомашины замбараагүй хэрэглээг ийм байдлаар хязгаарлах нь зүйтэй гэж үзэж, мөн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэхүү ажлыг хэрэгжүүлж эхлээд байна" гэв.
Г. ЧИНЗОРИГ: АЛБАНЫ МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХ АСУУДАЛ ЦЭГЦЭРЧ БАЙНА
Тэгвэл Засгийн газрын авто баазын хувьд тээврийн хэрэгслүүдийг цэнхэр дугаартай болгох ажлын явц ямар байгааг тодрууллаа. Тус баазын хувьд есдүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газрын авто баазад харьяалагдаж байгаа тээврийн хэрэгслүүдийн дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөөр солих ажлыг эхлүүлсэн байна. Тус авто бааз нийт 210 гаруй тээврийн хэрэгсэлтэй бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 106 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаартай ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Үйлчилгээнд явж байгаа эдгээр тээврийн хэрэгслийн дугаарыг шинэчлэхээс гадна цахим гэрчилгээний шинэчлэлтдээ бүрэн хамрагдсан гэдгийг Засгийн газрын авто бааз ТӨҮГ-ын захирал Г.Чинзориг хэлж байна. Иргэд төрд байгаа тээврийн хэрэгслүүдийг хянах, төрийн шилэн үйлчилгээний нэг хэсэг болж байгаа дэвсгэр өнгийг шинэчлэх ажлыг дэмжиж байгаагаа тус авто баазын дарга онцлов. Гэхдээ зарим тохиолдолд иргэд асуудалд ялгаа заагтай хандах шаардлагатай гэдгийг учирлав.
Цэнхэр дугаар бүхий төрийн машин шөнө явж болохгүй, хөдөө явж болохгүй гэх мэтээр асуудалд муйхар хандаж болохгүй гэв.
Учир нь төрийн ажил гэдэг өдөр, шөнө ч үргэлжилж байдаг. Гэнэтийн яаралтай дуудлагаар шөнө орой, хөдөө гадаа явах тохиолдол олон байдаг гэнэ. Тиймээс иргэдэд нээлттэй, ил тод болох оролдлого хийж байгаа энэ үйл явцыг дэмжиж, хяналт, хариуцлагын тогтолцоог хамт нэвтрүүлэх нь чухал гэв.
Өмнө нь тус баазын жолооч нарын хувьд ажилдаа эрт ирж, оройтож буух, зарим тохиолдолд даргын хувийн ажлыг амжуулах үйлчилгээ үзүүлдэг байсныг үгүйсгэх аргагүй гэнэ. Гэтэл одоо жолооч нарын ажил цагтаа эхэлж, цагтаа дуусдаг болсон байна.
Албаны машинаар албан бус ажил амжуулдаг гэх ойлголт 100 хувь биш юм аа гэхэд 90 хувьтай цэгцэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 140-150 даргад үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Харин Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжснээр ямар чиг үүрэг бүхий хүмүүс автомашин унах талаар зохицуулалт тодорхой болсноор автомашин унах эрх бүхий даргын тоо 20-30 болтлоо буурсан байна. Тиймээс үлдсэн автомашинуудыг дуудлагаар үйлчилгээнд гаргах боломж бүрджээ.
Харин тус авто баазын хувьд бас нэг хүндрэлтэй асуудал гарсан нь бүх тээврийн хэрэгслээ цэнхэр дэвсгэр бүхий дугаартай болгочихвол иргэд, ААН түрээсийн үйлчилгээ авах тохиолдолд ямар зохицуулалт хийх нь тодорхой бус байгаа аж.
Тиймээс зарим тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгоогүй байгаа гэнэ. Цаашилбал, Засгийн газрын авто бааз 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс аж ахуйн үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь төсвөөс санхүүждаг байсан бол одоо 100 хувь өөрийнхөө үйл ажиллагааны зардлыг хариуцдаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буюу ашгийн төлөөх байгууллага болжээ.
Өмнө нь төрөөс санхүүждаг байхдаа нэг километр нь 450-750 төгрөгөөр тооцож санхүүжилт олгож байсан аж. Тарифын хувьд бага өртөгтэй байсан учраас ашигтай биш жил бүр алдагдалтай ажилладаг. Харин статусын хувьд өөрчлөгдсөнөөр өнгөрсөн тавдугаар сараас ашигтай ажиллаж эхэлжээ.
Сангийн сайдын 2022 онд гаргасан тушаалаар төрд үйлчилж байгаа автомашин, авто баазаас үйлчилгээ авахдаа Улаанбаатар хот дотор 1600 төгрөг, хөдөө орон нутагт 1650 төгрөг байх, хот дотор 1 минутын хүлээлэг 200 төгрөг байхаар тогтоосон.
Авто баазын үйл ажиллагааг зах зээлийн ханштай дүйцүүлээд ирэхээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэж байна. Түүнчлэн төрд үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэн, ААН-үүдэд үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл нээгдсэн гэв. Тус баазын хувьд цэнхэр дэвсгэр бүхий дугаар хэвлүүлэх өртөг зардлын хувьд чанар, материалаасаа шалтгаалж харилцан адилгүй байгаа аж. Засгийн газрын авто баазын хувьд “Дэвжих ноён” ХХК -аар нэгж үнийг нь 50 мянган төгрөгөөр хэвлүүлсэн байна.
ДАРГЫН ЖОЛООЧ ӨМНӨ НЬ БОЛОВСОН БАРЛАГ БАЙСАН
Нэрээ нууцлахыг хүссэн жолоочийн хэлж байгаагаар төрийн үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдийг цэнхэр дугаар бүхий ялгамжтай болгосон нь нүдээ олсон шийдвэр болсон талаар хэллээ. Өмнө нь даргын жолооч нар боловсон нэртэй барлаг байсан гэдгийг ч нуусангүй.
Дарга хаашаа би тийшээ гэх ганцхан тушаалтай мэт ажилладаг байсан бол цэнхэр дугаартай болсноор хуулиар хүлээгээгүй олон үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Түүнчлэн иргэдийн хяналт сайжирсан учир албаны бус хэрэгцээнд автомашинаар үйлчлэх боломжгүй гэдгийг зоригтой хэлэх нөхцөл ч бүрджээ. Хэзээ тарах, хаашаа явахаа ч мэддэггүй олон тодорхойгүй байдал системийн шинэчлэлээр алга болж хэзээ, хаашаа явах, хэдэн цагт буух нь ил тод болсон гэнэ. "Одоо л жинхэнэ утгаараа төрийн үйлчилгээг үзүүлэх жолоочийн үүрэг хариуцлага, нэр хүндийг мэдэрч байна. Төрийн ажлыг цагт нь амжуулахын төлөө яваа жолооч бид нарт ч бас нэр төр бий. Наад зах нь унасан машинаа цэвэр цэмцгэр байлгах, угааж арчих, эвдрэл гэмтэлгүй байх асуудалдаа илүү их анхаарч байна. Цаашлаад замын хөдөлгөөнд ч соёлтой оролцохыг эрхэмлэдэг болсон. Цэнхэр дугаартай болоод бусдаас содон болчихоор "Хүмүүс намайг харж байгаа. Цаана нь төрийн нэр хүнд яваа шүү" гэж бодогдоод улам л их хичээдэг юм билээ хэмээн сэтгэлээ уудлав. Шагнал эзнээ олох сайхан гэдэг шиг шийдвэр "бай"-гаа онох нь сайхан аж.
ЦЭНХЭР ДУГААРТАЙ БОЛСНООР ДАВУУ ЭРХ ЭДЛЭХГҮЙ
Тухайн автомашин аль байгууллагынх, ямар үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг улсын дугаарын дэвсгэр өнгөөр нь ялгаж салгах боломжтой байдаг. Тодруулбал, улсын дугаарын дэвсгэр өнгө цагаан бол энгийн автомашин, улаан байвал дипломат албаных, хар бол технологийнх, ногоон нь цахилгаан, шар дэвсгэртэй бол нийтийн тээврийн хэрэгсэл юм. Харин үүн дээр төрийн автомашинуудынх цэнхэр өнгийн дэвсэртэй болж нэмэгдсэн. Тиймээс иргэд та бүхэн төрийн үйлчилгээний автомашинууд хаана, ямар үйлчилгээнд явж байгааг хянах, цаашлаад зөрчлийг мэдээллэх боломжтой болж байна.
Манай улсад бүртгэлтэй
- Улаан өнгийн улсын дугаартай буюу дипломат албаны 487 гаруй машин
- Хар өнгийн улсын дугаартай буюу уул уурхайн 72,000 машин механизм
- Ногоон өнгийн улсын дугаартай буюу цахилгаан хөдөлгүүртэй 600 орчим эко машин
- Шар өнгийн улсын дугаартай буюу нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси байна.
Дашрамд сануулахад ногоон болон шар дэвсгэртэй улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй юм. Харин төрийн болон орон нутгийн өмчийн автомашины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр болгож өөрчилснөөр автозамын нэгдүгээр эгнээгээр зорчих, торгууль ногдуулахгүй байх гэх мэт давуу эрх эдлэхгүй, харин ч цагийн хязгааргүй өдөр, шөнө хамаагүй хувийн ажилдаа ашиглах зэрэг давуу байдал хязгаарлагдана гэдгийг албаныхан тодотгож байна. Товчхондоо, цагаан дэвсгэртэй улсын дугаартай автомашинтай яг адил эрх, үүрэгтэй байх юм байна. Хэрэв төрийн автомашиныг хувьдаа ашигласан тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хариуцлага тооцох аж.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ