Хятадын Гадаад хэргийн сайд асан Цин Гантай нэр холбогдсон телевизийн нэвтрүүлэгч бүсгүй АНУ-д тээгч эх ашиглан хүүхэдтэй болсон талаар эх сурвалж мэдээлжээ. 57 настай Цин Ган Хятадын Гадаад хэргийн сайдаар долоохон сар ажилласныхаа дараа өнгөрсөн долдугаар сард ямар нэгэн тайлбаргүй албан тушаалаасаа огцорсон юм.
Тэгвэл тэрбээр телевизийн нэвтрүүлэгч, 40 настай Фу Сяотянтай гэр бүлээс гадуур харилцаатай бөгөөд өнгөрсөн жил тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болсон талаар хэд хэдэн эх сурвалж "Financial Times" мэдээлжээ. Хятад улсад тээгч эх ашиглан хүүхэдтэй болох, тээгч эх болохыг хориглодог.
Кэмбрижийн боловсролтой Фу Сяотян нь энэ оны эхээр олны өмнө харагдахаа больсон. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээндээ пост бичсэн бол зургадугаар сараас хойш чат, мессежэнд хариу өгөхгүй, утас нь холбогдохгүй байгаа аж. Бээжингийн эрх баригчид тэдний харилцааг шалгаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн.
Харилцааныхаа тухай Фу Сяотян анх олон нийтэд сэжүүр өгсөн гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд "Weibo" -д хүүхдийнх нь эцэг америк хүн биш гэж мэдэгдсэн бөгөөд Цин Ганы төрсөн өдрөөр хүүхийнхээ нэрийг нь нууцалсан эцэгт төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Мөн тухайн өдөр хувийн онгоцоор Лос-Анжелес хотоос Бээжин рүү хүү Эр Киний хамт ниссэн тухайгаа нийтэлж, сүүлд хувийн онгоцоор Вашингтон руу нисч Цин Гантай ярилцлага хийж байснаа дурсчээ.
АНУ-д төрсөн гадаадын дипломатчдын хүүхдүүд 14-р нэмэлт өөрчлөлтийн дагуу иргэншил авах эрхгүй ч энэ нь америк иргэн тээгч эх болсон нөхцөлд хамаарахгүй байж болно.
Хятадын дарга Ши Жиньпин удирдах ажилтнуудынхаа хувийн амьдралыг "ахлах албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэлийн чухал тусгал" гэж үздэг.
Цин Ган Вашингтонд байхдаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж Хятадын өндөр албан тушаалтнуудад мэдэгдсэн гэж "Wall Street Journal" энэ сарын эхээр мэдээлсэн. Түүнийг албан тушаалаас огцруулсан шалтгааныг "амьдралын хэв маягийн асуудал" гэж тайлбарласан байдаг.
Нэгэн цагт БНХАУ-ын даргын итгэмжлэгдсэн туслах байсан Цин Ган 2021 онд Элчин сайдаар томилогдохдоо эхнэр Лин Яньтайгаа хамт Вашингтон руу нүүжээ. Харин 2023 оны нэгдүгээр сард Гадаад хэргийн сайдаар томилогдсон юм.
Хятадын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд Цин Ганыг "гэрлэсэн, хүүтэй" гэж тодорхойлсон байдаг. Гадаад хэргийн яам өнгөрсөн долдугаар сард өөрийн цахим хуудаснаа түүний тухай бүх дурдлагыг устгасан боловч хэдхэн хоногийн дараа дахин сэргээжээ.
Фу Сяотяны тухай тодруулахаар "The Telegraph" агентлаг АНУ дахь Хятадын Элчин сайдын яам болон Хятадын "Phoenix TV" телевизэд хандсан гэж мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ