М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал хаслаа

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал хаслаа

М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал хаслаа

НЭМЭЛТ:

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.  Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.

Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.

НЭМЭЛТ: 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнөөдөр /2023.09.27/ хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргажээ. Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн харьяат Улсын гарьд М.Бадарч ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн байсан юм. Гэвч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр эл асуудлыг хэлэлцээд, М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, цолыг нь хураах санал гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлсэн байсан нь ийнхүү шийдвэрлэгджээ. Хуулиараа цол хураах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлж, эцэслэгдэх учиртай.

М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал гаргажээ

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр /2023.09.26/ хуралджээ. Уг хурлаар Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн байна.

Улсын арслан М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан. Тэрбээр өмнө нь /2023.09.07/ өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн. Мэдэгдэлд "Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Энэ үйлдлийг гардан хийсэн нь шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж