Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан өнгөрсөн долоо хоногт Вашингтонд айлчлах хүсэлт гаргажээ. Гэвч АНУ-ын тал уг хүсэлтийг хүлээж аваагүй гэдгээ Даваа гаригт мэдэгдэв. Хоссейн Амир-Абдоллахиан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дараа айлчлахыг хүссэн боловч Төрийн департмент хүсэлтийг няцаажээ.
“Бид Ираны болон бусад гадаадын засгийн газрын албан тушаалтнуудад НҮБ-ын ажлаар Нью-Йоркод ирэхийг нь зөвшөөрнө. Харин тэднийг Вашингтонд зорчихыг зөвшөөрөх үүрэг бидэнд байхгүй. Иран улс америк иргэдийг хууль бусаар баривчилж, терроризмыг ивээн тэтгэдэг тул бид айлчлалын хүсэлтийг биелүүлэх шаардлагагүй гэж үзсэн” гэж Төрийн депарментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэлэв.
НҮБ-ын хэлэлцээрийн дагуу АНУ бүх гишүүн орны төлөөлөгчдийг зөвшөөрдөг боловч дайсагнасан гэж үзсэн зарим улсын албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг.
1979 оны хувьсгалын дараа Исламын хувьсгалчид Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг булаан авч, дипломатуудыг 444 хоногийн турш барьцаалсан. Үүний дараа АНУ, Иран хоёр харилцаагаа тасалжээ. Тэгвэл Иран улс өнгөрсөн долоо хоногт АНУ-ын таван иргэнийг хоригдол солилцоогоор нутаг буцахыг зөвшөөрсөн. Хоригдол солилцоо хийсэн ч гэсэн энэ нь илүү өргөн хүрээтэй дипломат хөдөлгөөн болохгүй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэв.
Үүний зэрэгцээ ч АНУ ч бас Өмнөд Солонгос дахь Ираны зургаан тэрбум ам.долларын царцаасан хөрөнгийг Катар дахь дансанд шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ