VS: Багш нарын цалинг 1000 доллар болгох боломжтой, боломжгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

VS: Багш нарын цалинг 1000 доллар болгох боломжтой, боломжгүй

"Ньюс" агентлаг энэ удаагийн VS буландаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар нарын эсрэг тэсрэг байр суурийг онцлон хүргэж байна.


Д.Мөнхбаатар
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

-Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр.

Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна.

Л.Энх-Амгалан
Боловсрол, шинжлэх ухааны сайд

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шүү дээ. Боловсролын салбарын ажилчдын цалин улсын төсөвт хязгаартай. Улсын төсвөөс нийт 19 их наяд төгрөгийг УИХ-аар баталдаг. Үүний тав орчим их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр байдаг. Энэ мөнгөнийн 1.1 их наяд нь зөвхөн боловсролы салбарын ажилтан буюу 93 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Бид одоо ДНБ болон эдийн засгаа хэд дахин өсгөж байж асуудлаа шийдэхээс биш. Хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж