М.Баяраа: Хотын ажил нутгархаж, бүлэглэж болдоггүй онцлогтой

М.Баяраа: Хотын ажил нутгархаж, бүлэглэж болдоггүй онцлогтой

М.Баяраа: Хотын ажил нутгархаж, бүлэглэж болдоггүй онцлогтой

Хог, шороо, үер, ус, эвдэрхий зам, хальтиргаа Улаанбаатар хот. Мод, зүлэг, цэцэг, угаалга  цэвэрлэгээ, үйлчилгээ мөн л Улаанбаатар хот. Монгол Улсын хүн амын талаас илүү нь аж төрж буй энэ их хотын ахуйг хариуцдаг ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраатай ярилцлаа.


-Нийслэлийн зам талбай цас мөсөөр хучигдсан өнгөрсөн нэгдүгээр сард М.Баяраа гэдэг шинэ менежер томилогдсон. Та ажлаа авсан даруйдаа "Улаанбаатар хот хоёрхон цас цэвэрлэх машинтай. Тэр хоёр машин нь дугуйгүй гэж мэдэгдсэн. Тэр үеэс хойш байдал дээрдэв үү. Өвөл өнөө маргаашгүй ирлээ. Асуудлыг шийдвэрлэсэн үү? 

-Ажил авуутаа Хот тохижилтын газар нь машин, техник яагаад явахгүй байгааг газар дээр нь очиж шалгах үед дугуйгүй гэдэг тайлбар өгсөн. Олон нийт ч энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Байдал ч тийм байсан. Зам талбайн үйлчлэгч нар яагаад маск, бээлийгүй ажиллаж байгаа юм гэдэг шиг энэ бол бидний өдөр тутмын асуудал. Тэр асуудлыг хөндсөнөөс хойш маш хурдан дугуйтай болсон. Өвлийн бэлтгэл ажил дуусах шатандаа орж байна. Бид зам талбайн цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг 17 хувийн хэвшилтэй хамтран ажилладаг. Маргааш цас орлоо гэхэд компаниудын 256 тоног төхөөрөмж ажиллахад бэлэн байна.

-Энэ хэмжээний техник хүрэлцээтэй юу?

-Дээрээс нь 185 тоног, төхөөрөмж шинээр авах шаардлагатай. Хотын харьяа байгууллагуудыг нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй. Харин хувийн хэвшлийг гадаад хамтын ажиллагааны хүрээнд дэмжих зарчим барьж байгаа.

Улаанбаатар хот гадаадын олон хоттой ах дүү хамтын ажиллагаатай. Бээжин, Тяньжин, Сөүл, Токио гэх мэт гадаад түншүүдтэй бодит эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгоё гэдэг зарчим.

Зүгээр нэг хоорондоо аялаад, дарга нар айлчлаад байх биш. Ажил хэрэгч байдлаар хандая гэж байгаа юм.

БНХАУ-ын Чунчинь хотын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй Монголын компаниудад хүү багатай эх үүсвэр бий болгож өгөх хэлэлцээ хийсэн. Манай аж ахуйн нэгжүүд 15-20 жилийн урт хугацааны гэрээтэй хамтран ажилладаг учраас баталгаатай гэдгийг ойлгуулсан.

Монголын арилжааны банкийг Хятадын банктай холбож, өгөөд хямд санхүүгийн хямд эх үүсвэр бүрдүүлэх цэвэр хувийн хэвшил хоорондын түншлэлийг бий болгох юм. Бидний зүгээс урьдчилгаа төлбөр нь 30 хувь байдаг бол 15 болгож өгөөч, хүүг 8-9 хувь байхаар 3 жилийн хугацаатай зээлийн  хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн тоног төхөөрөмж сайжирна. Одоогоор хувийн хэвшлээс 35 тоног төхөөрөмж нэмж захиалаад байна.

"ТҮК-ҮҮД, УС СУВГИЙН ГАЗАР, ОРОН СУУЦНЫ КОНТОРУУД БҮГД ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛД ОРСОН"

-Тэгэхээр энэ өвөл яг хэдэн тоног төхөөрөмжөөр цас мөстэйгөө байлдана гэсэн үг вэ? 

-Цас мөс, цэвэрлэгээ үйлчилгээг нэгтгэвэл, 400-500 тоног төхөөрөмж байгаа. Зөвхөн цас мөс гэвэл 256 тоног төхөөрөмж бэлэн байна. Өнгөрсөн 2 жилтэй харьцуулахад, 50 гаруй тоног төхөөрөмжөөр нэмэгдсэн гэсэн үг.

-Өвөл өглөө гараад алхаж байхад тохижилт үйлчилгээний ажилчид маань шүүр, хүрзээр цас цэвэрлэж байдаг. Энэ байдал буурч байгаа гэж ойлгож болох уу?

-Хүнээс хамаарсан хүчин зүйл их байгаа. Ажлын байрны зар тавихад, хүн ирдэггүй. Өнөөдөр бараг бүх төрийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байгаа. Ажлын байр нь бэлэн байхад, хүн ирдэггүй. ТҮК-үүд, ус сувгийн газар, орон сууцны конторууд бүгд хүний нөөцийн дутагдалд орсон. Хүний нөөцийн дутагдлыг тоног төхөөрөмжөөр л нөхнө. Ер нь хот нийтийн аж ахуйн хөгжил дараагийн шатандаа гарах болсон. Бид яг нэг технологиор 50-60 жил явж ирлээ.

Дэрсэн шүүр, төмөр хүрзийг техник, технологи, инновациар халах цаг болсон.

Бид ямар нэг шинэ юм санаачлах биш. Гадаадын өндөр хөгжилтэй хотуудын араас алхах ёстой. Гэхдээ өөрийнхөө онцлогт тааруулна, нарийн деталь ажлыг хүний гараар хийхээс өөр аргагүй. Шатны завраас хаясан тамхины ишийг хүний гараар түүхээс өөр аргагүй шүү дээ.

-Авто зам дээр цацах давсаа бэлдсэн үү?

-Энэ жил 3600 тонн давс, 6056 тонн бодис нөөцлөхөөр ажиллаж байна. Энэ бол өнгөрсөн оныхоос 30-40 хувиар өндөр дүн. Үүнээс гадна зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг 17 хувийн хэвшлийн компани, дүүрэг тус бүр нөөцөө бүрдүүлээд явж байгаа. Тэгэхээр давс, бодисын хүрэлцээ гайгүй болов уу гэж бодож байна. Мөн давс, бодисоо цацах тоног төхөөрөмжийн хүрэлцээ чухал. Түрүү ярьсан нэмж авах гэж байгаа техникүүд юниверсал буюу цасаа түрнэ, ардаа давсаа цацдаг байдлаар тоноглогдсон байх юм.

-Давс бодисын чанар ямар байх бол?   

-Нийлүүлж байгаа компаниуд өөрсдөө шилжилгээ хийгээд хүрээд ирдэг. Бидний зүгээс ШУА-ийн Химийн хүрээлэнтэй Улаанбаатар хотод хэрэглэх хими, биологийн бүтээгдэхүүнийг магадлуулах гэрээ байгуулсан. Хэрвээ шаардлага хангахгүй давс, бодис орж ирвэл буцаана гэсэн үг.

-Нэгэнт хальтиргаа гулгаа ярьсных олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд сөргөөр нөлөөлдөг хальтирдаг хавтангаар хийсэн явган хүний зам, талбайг яах вэ. Жишээ нь, Төрийн ордны эргэн тойрон, Сүхбаатарын талбайд хальтирдаг хавтан дэвсчихсэн байгаа. Жил бүр хальтиргаа гулгааны асуудал босож ирэхэд явган хүний зам талбайн стандарт хөндөгддөг. Бүр нийслэлийн ИТХ-аар асуудал болгож байсан?   

-Бид зунжин зам тавилаа, шинэчиллээ. Хальтирдаг зам, талбайг багасгаж чадсан. Нэг зовлон байна. Шинэ юм хийхээр өмнөхөө сайжруулах асуудал давхацдаг. Өмнө нь буруу хийсэн ажлуудыг сайжруулахад маш их цаг, хөрөнгө зарж байна. Өмнө нь стандарт байгаагүй. Дуртай газраа дуртай чулуугаараа ажил хийчихдэг. Тэр чулуу нь цас, бороо орох үед гулгаатай болчихдог. Бидний хувьд өмнө нь байгаагүй 2 бригадыг хотын үйлчилгээнд гаргасан. Тэд явж байгаад тасарчихдаг явган хүний зам, гулгаатай замыг солих, замын голд байрласан гэрлийн шонг шилжүүлэх зэрэг нөхөөсний ажлыг хийх зорилготой.

Хотод стандарт нийцүүлэх ажил маш их байгаа. Жишээлбэл, яг өнөөдөр хотын хэмжээнд шилжүүлэх шаарлагатай, хүн замд тээглэсэн 1260-аад шон байна.

Би энэ бүх алдааг цаашид давтагдуулахгүйн тулд хотын нэгдсэн стандартыг баталсан.

-Явган зорчигчийн зам яагаад нарийсаад байна аа. Олон нийтийн зүгээс дугуйн зам тавилаа гээд явган хүнийхээ замын талыг будчихдаг гэдэгт шүүмжлэлтэй байгаа. Энэ нь эргээд унадаг дугуйтай, эсвэл скүүтэртэй хүн, явган хүн 2 мөргөлдөх эрсдэл үүсгээд байна. Замуудыг өргөтгөх боломж бий юу?

-Шинээр тавьж байгаа замуудыг өргөн хийж эхэлсэн. 32-ын тойргийн зам, Бөхийн өргөө уруудах хэсэг гэх мэт замуудыг өргөн хийж байгаа. Ер нь явган зам, дугуйн зам гэдэг бол тухайн хотын өөрийн онцлог юм билээ. Бээжин хотод гэхэд уламжлалаа дагаад дугуйн зам нь автомашины замаасаа өргөн байх жишээтэй. Бидний амьдралд унадаг дугуй саяхнаас тээврийн хэрэгсэл гэдэг ойлголтод орж ирлээ. Бага байхад хүүхдийн дугуй л гэдэг байлаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд унадаг дугуй тээврийн хэрэгслийн хэмжээнд ашиглагдах боллоо. Тэгэхээр унадаг дугуйн замтай болох шинэ шаардлага үүсэж байгаа юм. Үүнийг хийхийн тулд Улаанбаатар хотод байгаа талбайг тооцох хэрэгтэй. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд амьдарч байна. Ийм өндөр нягтаршилтай хотод унадаг дугуйн зам хийх гэж байна гээд ногоон байгууламжаа эвдэж болохгүй. Гадаадынхны туршлагаас харахад явган, дугуйн гэж замыг ангилах шаардлагагүй юм билээ. Токио, Сөүлд унадаг дугуйнд зориулсан тусгайлсан зам байдаггүй. Дугуйн зам гэдэг ойлголт Европын хотуудад л байдаг. Хуулиараа унадаг дугуй явган хүний замаар зорчих боломжтой тээврийн хэрэгсэл. Бидний нэг алдаа нь нийтээрээ баруун гарын дүрмийг хэвшүүлж чадаагүйд байна. Шинэ бүтээн байгуулалт гэхээсээ илүү зохион байгуулалтын асуудал бий.

-Ингэхэд гудамжаар явж байгаа нохойг засах ажиллагаа юу болж байгаа вэ?

-Бид өнгөрсөн гуравдугаар сард Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран эзэнгүй нохойны тоог гаргасан юм. Улаанбаатар хотод эзэнгүй 163 мянган нохой байна гэдэг тоо гарсан. Энэ бол маш их тоо. Ийм тооны эзэнгүй нохой хотод маш олон асуудал үүсгэж байгаа. Хүн рүү дайрч байна, мал амьтан барих болсон, хогийн цэг сүйтгэдэг, ялгадас зэрэг сөрөг үр дагавар бий. Гэхдээ энэ бүгд амьтны буруу биш ухамсарт хүний буруу. Эзэнтэй хашаанаас нохойгоо гаргаад хаячихдаг. Төөрсөн нохойныхоо гөлгийг төрүүлдэг. Нэг нохой 6 жилийн дотор 67 мянга болж үрждэг. Энэ бол олон улсын байгууллагын судалгаа шүү. Тэрнээс бидний гаргаж ирсэн тоо биш. УИХ дээр амьтан тэжээж байгаа эзнийг хариуцлагажуулах хуулийн төсөл яригдаж байгаа.Тэр хууль хурдан батлагдвал, бидний ажилд том дэмжлэг болно. Бид эм нохойны үржлийг хязгаарлах мэс ажилбарыг “спэй” гэж нэрлэж байгаа. Түүнээс гадуур яригдаад байгаа шиг спираль тавих асуудал байхгүй.Бид тэжээвэр амьтанд үржил хийх ажлыг эхлүүлснээр үр дүн гарч эхэлсэн. Богдхан уул болон зуслангийн бүсэд ан амьтан барьж байгаа зэрлэг нохдыг хуучин аргаар буудан устгаж байгаа.

-Эзэнгүй нохойг шууд устгах, үржил хязгаарлах хоёрын аль нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй вэ. Дэмий зүйлд үргүй зардал гаргалаа гэдэг шүүмжлэл дагадаг шүү дээ?

-Ерөнхийдөө үр дагавартай нь биш, эх үүсвэртэй нь тэмцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нохойг шууд буудах устгахын оронд “спэй” хамаагүй үр дүнтэй.

-Ер нь энэ ажилд хэдэн төгрөгийн төсөв гаргаж байгаа юм?

-Хөдөө аж ахуйн их сургууль, мал эмнэлгийн компаниудаас хамгийн бага үнийн санал авч байгаа. Нохойны жингээсээ хамаараад 120-130 мянга, муур бол 70-80 мянган төгрөг зарцуулдаг. Гэтэл нэг нохойг устгах бодит зардал 21 мянган төгрөг гардаг. Гаднын орноор жишээлэхэд,Бээжин, Токиод нохой тэжээхэд маш өндөр татвартай байдаг. Харин манайд тэжээвэр амьтны татвараа төлж байгаа маш цөөн иргэн байна.

"АЖЛЫН БАЙР ЗАРЛАХАД ХҮН ИРДЭГГҮЙ"

-Хотын төвөөр алхаж байхад хог хаях савгүй болчихжээ. Үүнийг анзаарсан уу, эсвэл бодлогоор хураачихсан юм уу?

-Сүүлийн 5 жил хогны савыг багасгасан. Хүн өөрийн гаргасан хогоо биедээ авч яваад, зориулалтын газар хаях дадалд суралцах хэрэгтэй. Мөн өмнө нь гудамжны савыг ахуйн хогны сав шиг ашиглаад байсан. ТҮК-ийнхан хог таталтаа хийгээд явж байхад, гэрийнхээ, байгууллагынхаа хогийг авчраад чихчих тохиолдол их байсан. Бид одоо хогийн савыг томсгон шинээр тавихаар ажиллаж байгаа. Автобусны буудлыг аваад үзэхэд, гарч буй нийт хогны 80 хувь нь хуванцар буюу дахивар бүтээгдэхүүн байгаа. Бид хуванцар хаягдлыг эргүүлэн авдаг компаниудтай яриад татан авалтаа хийгээд яв гэдэг байдлаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх юм. Ингэсэн тохиолдолд төр хүн цалинжуулж, шатахуун түлш гарздах шаардлагагүй болно. Хувийн хэвшил төрийн нэг ачааллыг үүрнэ. Яг үүнтэй адил нэг жишээ яръя. Улаанбаатар хот нийтийн бие засах газрын цэвэрлэгээ үйлчилгээг хийхэд, жил бүр 500 гаруй сая төгрөг төсөв дээр тавьж өгдөг байсан. Энэ бол 10 гаруйхан жорлон цэвэрлэхэд маш их зардал. Үүнийг сонгон шалгаруулалтаар хувийн хэвшил рүү шилжүүлсэн. Тэр бие засах газрууд гэр хорооллын автобусны эцсийн буудлуудад байрладаг. Түгжээд хаячихсан, эсвэл ломбард, гутал засвар ажиллуулдаг болчихсон байсан. Тэдгээрийг хувийн хэвшилд өгч, тохижуулаад үйл ажиллагаг нь сэргээж байгаа. Автобусны жолооч эцсийн буудал дээр очоод, амрах болохоор бие засах газаргүй гудамжинд асуудлаа шийддэг хүндрэл байсан. Бид аль болох төсөв дээр ирэх ачааллыг хувийн хэвшилд ашигтай байдлаар шилжүүлэх бодлого баримталж байгаа.

-Та хувийн хэвшилтэй хамтарч төрийн ачааг бууруулна гэлээ. Орон сууцнуудын дундах хогны цэгүүдийг зөөвөрлөх ажлыг хувийн компаниудад өгчиж болдоггүй юм уу. Одоо энэ үүргийг гүйцэтгэж байгаа дүүргийн тохижилт үйлчилгээ компаниудад ажлаа хийж чадахгүй байна шүү дээ. Хаа сайгүй хог сагаж байгааг та хардаг л байх?

-Хувийн хэвшил хийх боломжтой ажлыг төр хийх шаардлагагүй. Эхний ээлжинд зарим дүүрэгт  сонгон шалгаруулалт хийсэн. Саяхан зам, талбайн үйлчилгээний 5 компани хувь руу шилжсэн. Зарим сонгон шалгаруулалтад компаниуд орж ирэхгүй байна. Орж ирсэн нь туршлага дутах тохиолдол бас байна. Яг үнэндээ 500 м замыг зүгээр нэг хүн шүүрдчихдэггүй байхгүй юу. Энэ нь томроод компанийн асуудал болж ирдэг. Бид шинэ компаниудыг бойжуулах асуудал болж байгаа юм. Тэгэхээр бэлтгэгдсэн хүний нөөцтэй, мэргэжлийн компанийг оруулж ажиллуулахгүй бол нийслэлийн ажил уначихдаг. Хот хогондоо дарагдана.Нөгөө талаасаа нүүрс ухах гэж байгаа мэт ашиг олохоор шууд андуурч орж ирдэг компаниуд чбайна. Тохижилт үйлчилгээ өөрөө амар бизнес биш. Бас бүгд саар биш. Энэ салбарт туршлагатай компани олон бий. Анх 5 машинтай эхэлсэн бол өнөөдөр 50 машинтай болчихсон компани байна. Цаашид ажлаа мэддэг чаддаг болчихсон компаниудтай хамтран ажиллаад явна. Сэтгэлтэй, чадвартай компаниуд олширбол төрийн ачаа буурна.

-Хог ачилтын компанид ажиллах залуус олдохгүй байна гэсэн?

-Хаа сайгүй хүний нөөцийн дутагдалтай байна. Өмнө нь төрийн байгууллагад ажиллаж байхад ширээн дээр ажилд орох анкет төө зузаан өрөөстэй байдаг байсан. Одоо бол нэг ч анкет байхгүй.

Ажлын байр зарлаад, хүн ирдэггүй. Төрийн үйлчилгээнд ажиллахаас хүн цааргалдаг болсон. Мөн цалин мөнгө нь амьжиргаанд хүрэхээ больсон байна. Тэр тусмаа төрийн үйлчилгээний албан хаагчдын хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхгүй бол 1.6 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн бодлого алдагдах эрсдэлтэй. Зөвхөн хог тээврийн салбарт 1900 хүн ажиллаж байна.

-Таны ширээн дээр ажилд орох хүсэлтэй нэг ч хүний анкет байхгүй гэж үү. Нийслэлийн Засаг даргын тамгын газраар жишээ болгон асуухад ялсан нам улс төрийн томилгоо хийж, өмнөх чадварлаг ажилтнуудыг халаад явуулчихдаг буруу жишиг аль ч намын үед бий. Үүний адил хотын захиргаа сонгинохайрханчуудаар дүүрчихлээ гэдэг шүүмжлэлд юу хэлэх вэ?

-Хаанаас дүүрэх нь сонин биш. Тухайн хүн ажил мэргэжлийн шаардлага хангаж байна уу гэдэг асуудал. Манай захирагчийн ажлын албан сонгиноос ирсэн нэг ч хүн байхгүй. Би өөрөө Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан. Хэлтсийн дарга, тамгын газрын дарга хийж байсан. Тэглээ гээд энэ ажил өөрөө нутгархаж болдоггүй, бүлэглэж болдоггүй хүмүүсийн ажил. Хэрвээ би ажил мэдэхгүй хүн авчраад тавьчихвал хамтдаа л унана шүү дээ. Мэдлэгтэй, туршлагатай багийг авч ажиллуулах нь зүйтэй. Ер нь манайд ажиллаж байгаа газар, хэлтсийн дарга нар дор хаяж 4-5 жил болчихсон хүмүүс. Өмнө нь төрийн өөр албанд ажиллаж байсан хүмүүс.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг суулт байна. Таныг анх хотын менежерээр томилоход аж ахуйн ажил дээр багш мэргэжлийн хүн тавьчихлаа гэсэн. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Би Хятадын багшийн их сургуулийг төгссөн. Монголд Санхүү, эдийн засгийн их сургуулийг санхүүгийн удирдлагаар төгссөн. Японд олон улсын хөгжлийн магистр хамгаалсан.

Ер нь аж ахуйн ажил туршлага шаарддаг. Миний өмнөх менежерүүд олон төрлийн мэргэжлийн хүмүүс байсан. Туршлагаа харвал, би өмнө нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагад ажиллаж үзсэн. Дүүргийн хэлтэс, тамгын газарт жинхэнэ аж ахуйн ажил үзсэн. Ялангуяа дүүргийн тамгын газрын дарга хэдэн хороодынхоо хог шорооноос эхлээд сургууль, цэцэрлэгийн засвар руу хүртэл ордог. Дээр нь бичиг цаасаа давхар авч явна. Дүүрэгт тамгын газрын дарга бүх ажлаа хариуцдаг.

-За хоёулаа эргээд хотын асуудалдаа оръё. Зун  болгон газар ухдаг. Халуун ус тасалдаг. Энэ байдал өнгөрсөн дөрвөн жилд ч халагдсангүй. Шалтгаан нь юу байна. Жил бүр тендер авах арга ч гэж ярьдаг. Та энэ ажлыг аваад шалтгааныг нь тогтоож чадав уу?

-Бүгд нийслэлээс хөрөнгө гаргаад хийдэг ажил биш. Том 250-иас дээш магистраль шугамуудын засварын ажлыг Эрчим хүчний яам, түүний харьяа байгууллагууд зохион байгуулдаг. Хороолол доторх шугамуудыг тухайн контор, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хариуцаж засвар үйлчилгээ хийж байгаа. Ухаж байгаа асуудалд тайлбар хийхэд, бид сүүлийн 10 жилд байгаагүй том засварыг хийлээ.

Нийт 21.1 км шугам сольсон засвар 10 жил хийгдээгүй. Улаанбаатар хотод жил ирэх тусам олон барилга байшин шинээр баригдаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байна. Тэдгээрийг цэвэр, бохиртой холбохын тулд хоолойнуудыг өргөтгөх шаардлагатай.

Нийслэлийн хороолол дунд  цэвэр, бохир, дулааны 1250 км шугам сүлжээ байна. Үүний 60 хувь нь насжилт хэтэрсэн. Хэзээ мөдгүй задрахад бэлэн болсон гэсэн үг. Үүнд засвар үйлчилгээ хийхийн тулд газар ухахаас өөр аргагүй. Шийдвэрлэх гарц нь холгилын систем. Энэ систем өөрөө маш өндөр өртөгтэй. Эндээс юу харагдаж байна гэхээр нийслэл дэд бүтцийн дутагдалд ороод байна. Барилга барилаа гэхэд дулаан, эрчим хүчээр хангахад хүндрэлтэй болсон. Тэгэхээр инженерийн байгууламжид хөрөнгөө төвлөрүүлэх ёстой. Инженерийн байгууламж байж хот байна. Жишээ нь  уул уурхайн баялгийг нийтэд хүртээнэ гээд бэлэн мөнгө тараах биш үр шимийг хүртээх ёстой. Улаанбаатар хотод нийт хүн амын тал нь суурьшиж байна шүү дээ.Тэгш хүртээмжтэй талаасаа хараад үзвэл, баялгийн хуваарьлалтын тал нь Улаанбаатарт ногдох ёстой. Тэр нь хүндээ оруулж буй хөрөнгө оруулалт болно.

"МЕТРО, ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ АЛЬ НЬ Ч БАЙСАН БАЙГУУЛЖ Л ЧАДВАЛ ТҮГЖРЭЛ БУУРНА"

-Дандаа орон сууцны хороолол ярилаа. Гэр хороололд чиглэсэн ажил юу хийв. Ялангуяа ногоон байгууламж маш дулимаг байгаа? 

-Иргэд өөр болсон. Бетонон ширэнгэ, алфальтан талбай хүсэхгүй байна. Ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг илүүтэй хүсэж байна. Хашаандаа сайхан амьдрахыг эрмэлзэх иргэд олширсон. Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.6 ам.метр байгаа. Ирэх жил гэхэд 6.5 ам.мерт болж 1 хувиар нэмэгдэх ажлууд явж байна. Ер нь 2030 он хүртэлх зорилт бол нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 20-иос дээш хувьд хүргэх юм. Энэ бол олон улсын стандартыг давсан хэмжээ. Одоо бол хотын төвөөр ногоон байгууламж төвлөрч байгаа. Бид гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил санаачилсан. Энэ намар, ирэх хаврын мод тарих үеэр гэр хорооллын мод тарих хүсэлтэй, хашаа хороогоо ногооруулъя гэдэг хүсэлтэй өрхүүдэд тарьц суулгац өгөхөөр төлөвлөөд байна. Ингэхдээ үр шимтэй  жимс жимсгэнэ, гоёлын модыг сонголтоор өгнө.

Есөн төрлийн 29 мянган модыг гэр хорооллын өрхүүдэд санал болгоно. Мөн бид гэр хорооллын 16 хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан.

Тэнд өөр хорооны хүүхдүүд очиж тоглож байна. Тиймээс 14 хороонд нэмж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн. Нийт 30 хорооны иргэд амарч сууж, хүүхдүүд нь тоглох талбайтай болж байна. Толгойтын эцсийн хүүхдүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж тоглож чадахгүй шүү дээ. Ирэх жил үүнийг үргэлжлүүлж, гэр хорооллын хороо бүрийг бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох зорилт тавьсан. Ерөнхийд нь хэлэхэд, жилд хөдөө орон нутгаас нийслэлд шилжин суурьшиж байгаа иргэд нэг аймгийн хүн амын тоотой дүйж байгаа. Жилд 60-70 мянган шилжин суурьшдаг дүн хэвээрээ байна. Жилээс жилд гэр хороолол тэлж байна. Тэдгээр иргэнийг цахилгаанаар хангах асуудал тулгардаг. Уулын орой дээр буулаа гээд тог цахилгаангүй байж болохгүй. Дагаад худаг ус, цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зам гэх мэт маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Та гэр хороололд юу хийв гэж байна. Гэр хорооллын авто зам өнөөдөр ямар болсныг харж байгаа байх. Худаг усны хомсдол ч буурсан. Гэрэл хороололд гэрэлтүүлэггүй гудамж бараг үлдээгүй дээ.

-Ерөнхийд нь асуухад, одоо нийслэлийг МАН удирдаж байна. Танай багаас анх 2020 онд дэвшүүлж байсан зорилт тань хэдэн хувь биелсэн гэж хэлэх вэ?

-Эхлээд нөхцөл байдлаа ярих нь зөв. Сонгуулийн дараа ажил аваад, шууд маскзүгээд covid-19 цар тахлын хяналтад гарсан. Бүх төрийн албан хаагчид дайчлагдсан. Улмаар вакцинжуулалт явж, хил гаалийн хүндрэл гэж үргэлжилсээр 2 жил өнгөрсөн. Бүтээн байгуулалтын ажил явахад хүндрэлтэй байсан. Гэхдээ бид зүгээр суугаагүй том төслүүдийнхээ ТЭЗҮ-г боловруулах бичиг цаасны ажлаа цэгцэлсэн. Улаанбаатар хот том шийдэлтэй байх ёстой зарчим барьсан. Жишээлбэл, түгжрэлийн асуудал дээр массын тээврийг барьж авсан. Метро, хөнгөн галт тэрэг аль нь ч байсан байгуулж л чадвал түгжрэл буурна. Нэг тээвэрлэлтээр 600 хүн тээвэрлэнэ гэж үзвэл, 300 автомашин байхгүй болно. Дараа нь нийслэлийг экохот болгох зорилт тавьсан. Ногоон байгууламж нэмэгдлээ. Засаглалын хувьд хот иргэнээ сонсдог болсон. Энэ бүгдийг нийлүүлээд хэлэхэд, Улаанбаатар хот том хөрөнгө оруулалтаа шийдэх ёстой. Ганцхан төсөв дээр тулгуурлан хөгжих боломжгүй. Өнөөдөр хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч 5, 10 жилийн дараа бид эргээд л метро байгуулж байхгүй яваа гэж эргэж харна. Тэгэхээр том шийдэл дээр зоригтой, иргэддээ ойлгуулаад хамтдаа хөдлөх ёстой гэж байгаа.

Д.МЯГМАРДОРЖ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 66.181.191.209

нутгархаж бүлэглэх гсэн чнь болохгү хэцүү бна у.одоо яана а

Avatar

Иргэн 2023-09-27 198.16.66.125

Сайн ажиллаж байгаа. Улам их амжилт хүсэн ерөөе.

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

======== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-27 64.119.30.210

Болдог гэдгийг нь Миеэ, Бадамжунай 2-с асуу хөө

Avatar

бат 2023-09-27 139.5.218.122

Сайхан нээлтэй ярилцлага байна

Avatar

Нэргүй 2023-09-27 59.153.112.218

Бас попорч бас болдоггүйг цаад сумтаа хэл

Avatar

Юугаа яриад байна, бусад нь нутгархаж бүлэглэж болдог юмуу 2023-09-27 192.82.92.204

Зочин

Avatar

Нэргүй 2023-09-27 103.57.94.143

МАНАЙ ХЭД ДАНДАА Л ХУДЛАА ЯРЬЖ СУУХ ЮМ. ЭСВЭЛ БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛАА ОЛЖ ХАРАХ УХААН ТОЛГОЙ БАЙХГҮЙ ЮМ УУ. ТАНАЙ ХАН УУЛ ДҮҮРРЭГ Л ЛАВ БӨӨН УВСЫНХАН ДҮҮРЧИХСЭН, ТЭД НАРЫГАА ШАВУУЛААД Л БАЙЖ БАЙДАГ ГАЗАР Ш ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-09-27 202.21.96.254

Us suvgiin udirdakh gazriin udridlaga engineeruudiig bugdiig n solioroi. Bugd ter Khan uul iin zavtei usnii talaar Puma bolon nuguu 2 companiig umuursun yum yarij bna, bas yamaar ch ajil khiikhgui baina. Ted nariig bugdiig n baitsaaj bas khorij baij nbaad khunii eruul us uuj amidrakh nukhtsul burdekh geed baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж