Ханжоугийн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна. 25 хүртэлх насны залуучуудаар бүрэлдэхүүнээ шинэчилсэн шигшээ баг эхний тоглолтоо талбайн эзэн орон Хятадын эсрэг хийв. Саяхан болж өнгөрсөн дэлхийн аваргад оролцсон тамирчдаар бүрэлдэхүүний цөмийг бүрэлдүүлсэн Хятадын шигшээ баг энэхүү тоглолт 89-50 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.
Тоглолтын эхлэлийг Монголын шигшээ баг санасныг бодвол тун сайн тавьж, эхний хагаст эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Багийн дундаж өндөр нь хоёр метр Хятадын эсрэг Монголын будагтай талбайн тоглогчид алдааны асуудалд орсон.
Гуравдугаар үеэс Хятадын шигшээ багийн хамгаалалт чангарч, Монголын урд шугамынхан бөмбгөө алдаж эхлэв. Энэ нь ч эзэн орон оноо илүү гарах шалтгаан байсан. Завсарлагааны дараа Монголын шигшээ багийн хамгаалалт, довтолгоо бүхэлдээ унаж, оноо авах улам хэцүү болов. Энэ үед Японд сагсан бөмбөгийн боловсрол эзэмшиж, шигшээ багийнхаа дебютыг хийсэн О.Тулга гэх 20 настай залуу тодорч, Монголын баг найман оноо дараалан авснаар бага ч гэсэн хугацаанд амьсгаа авах боломж бүрдэв. Харамсалтай нь, Хятадын шигшээ хүнд байдлаас хурдан гарч, давуу тал болох өндрөө ашиглан будагтай талбайд илт илүүрхсээр энэ удаагийн тоглолт өндөрлөлөө.
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш/2023.09.27/ хэсгийн эхний тоглолтоо Хятадын эсрэг хийх бол эрэгтэй шигшээ баг нөгөөдөр Хонг Конгийн эсрэг тоглоно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА