Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Монголд ч сүүлийн жилүүдэд авто ослоор эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа харамсалтай тохиолдлууд олон гарч байна. Тэр дундаа хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж авто осолд өртөх хүүхдийн тоо огт буураагүй статистиктай байгаа юм. Энэ тохиолдолд хариуцлагын системд шинэчлэлт хийх хэрэгтэйг харуулж байна. Тэр дундаа жолооны ард сууж байх үедээ санаатай болон санамсаргүйгээр осол гаргасан бол 20-иос дээш жил жолоо барих эрхийг нь хязгаарлах, бусдын эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулбал насан туршид нь хорих, жолооны эрхийг нь бүр мөсөн хаах зэрэг арга хэмжээг авах шаардлага үүсч байна.
Туршлагагүй, хайнга жолоочийн балгаас зам дээр өөд болох хүний тоо огт буурахгүй байгаа нь харамсалтай.
ЭХНИЙ НАЙМАН САРД ХҮҮХЭД ӨРТСӨН 589 ОСОЛ ГАРЧ, 37 ХҮҮХЭД АМИА АЛДСАН
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.ГАНХУЯГ:
-Он гарснаас хойш зам тээврийн осолд хэчнээн хүүхэд өртсөн бэ?
-2023 оны наймдугаар сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 589 гарснаас 535 хүүхэд хохирсон. Үүнээс 37 нь амиа алдсан харамсалтай тоон мэдээ байна. Осолд өртсөн хүүхдүүдийн тухайд замын хөдөлгөөнд ихэнхдээ явган зорчигч хэлбэрээр оролцож байхдаа өртсөн.
Хамгийн сүүлд хүүхэд өртөж, хохирогч амиа алдсан зам тээврийн харамсалтай осол энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын дөрөвдүгээр буудал орчимд гарсан.
Тухайн өдрийн 12:41 цагт 11-13 насны эмэгтэй хүүхдүүд гарцаар зам хөндлөн гарахдаа машинд мөргүүллээ гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас ослын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад приус маркийн автомашин хоёр сурагчийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас газар дээрээ нэг хүүхэд нь амиа алдаж, нөгөө хүүхэд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, эмчлүүлж байна.
-Сургууль орчмын бүсэд болон хүүхдүүд олноор зорчдог хэсэгт жолоочдод урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг албаныхан өгдөг үү?
-Мэдээж өгдөг. Тээврийн цагдаагийн албаныхан болон сургуулийн эргүүлийн цагдаа нар жолоочдод хурдаа хасах, болгоомжтой зорчихыг анхааруулдаг байгаа. Сургууль орчмын бүс бол аюултай бүс. Учир нь хүүхэд хаанаас ч гарч ирэх эрсдэлтэй. Тиймээс сургуулийн бүсэд албаныхан төдийгүй тухайн сургууль, багш, эцэг эхчүүдийн зүгээс ч онцгой анхаарал хандуулж ажилладаг.
Гэвч харамсалтай нь сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж байгаа ч сургуулийн бүсэд хүүхэд өртсөн авто ослын тоо буурахгүй байна.
Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд сонор сэрэмжтэй, өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулахгүй анхааралтай зорчих шаардлагатай.
Хүчин төгөлдөр үйлчилж буй өнөөдрийн Эрүүгийн тухай хуульд зааснаар дээрх тохиолдолд дараах хариуцлага ногдуулахаар заасан юм.
ХОЁРООС ДЭЭШ ХҮНИЙ АМИЙГ ХОХИРООСОН ЖОЛООЧИД 2-8 ЖИЛИЙН ЯЛ ОНООДОГ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд зааснаар 400 мянган төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хасч буй. Жилд 33 мянга гаруй иргэнд дээрх арга хэмжээг авдаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон ноцтой гэмт хэргүүд олноор гарах болсон тул хуулийг чангаруулах арга хэмжээг авахаар болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ оны байдлаар 37 хүүхэд зам тээврийн осолд амиа алдсан. Иргэдийн амь нас замын хөдөлгөөнд хэрхэн яаж оролцож байгаагаас хамаарч байна. Ийм учраас бодлогын хүрээнд өөрчлөх ёстой гэж үзэн, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Одоо бол Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулж байгаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Засгийн газраас санал авч, намрын чуулган ирэх аравдугаар сарын 5-нд нээлтээ хийсний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэдгийг онцолсон.
Авто замын хөдөлгөөнд ухамсаргүй оролцож байгаагаас алаг үрс хорвоогоос хальж байгаад үүнээс өөр арга хэмжээ авах ч боломжгүй.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэсэгт зааснаар ослын улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хүртэлх хугацаагаар хасч, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Мөн тус зүйлийн 4.2 дугаар хэсэгт ослын улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэлх хугацаагаар хасч, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.
Эрүүгийн хуулийн заалт нь зүйл ангиас хамаарч өөрчлөгдөх боловч чангатгах зайлшгүй шаардлагатай болохыг жишээнээс харж болно.
Тодруулбал, шүүхээр шийдэгдэж буй хэргүүдийн дийлэнхэд найм хүртэх жилийн ял оноодоггүй, цөөн тохиолдолд хоёр хүртэл жилээр хоригдох ял авах, эс бол тэнсэн харгалзах ял болж, өөрчлөгддөг аж. Олон нийтийг айдаст автуулж, осолд өртсөн хүүхдүүдэд насан туршийн сэтгэлийн дарамт үүсгэсэн ослын ганцхан жишээ бол Ч.Маралмаад холбогдох хэрэг. Өнгөрсөн 2022 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны замд Ч.Маралмаа гэгч нь автомашин жолоодох эрхгүй атлаа жолоо барьж яваад хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөж, зам тээврийн ноцтой осол гаргасан. Он дамнаж цагдаа, шүүхээр явсан тус хэргийн эзэнд хариуцлага хэрхэн тооцохыг нийгэм нийтээрээ харж байлаа. Харамсалтай нь хариуцлага гэдгийг яриад ч хэрэггүй болсон. Нийгмийн массаараа тухайн хүнийг ялласан ч шүүхэд гэм буруутай эсэхийг эцэслэсэн байдаг. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Маралмаад холбогдох энэхүү хэргийг шүүгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээр хасч, зорчих эрхийг нь хоёр жилээр хязгаарласан. Шүүхээс түүнд оноосон энэхүү шийдвэр хөнгөдөж байгааг олноороо шүүмжилсэн ч холбогдох хуульд жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл барьж, осол гаргасан этгээдэд ногдуулах хариуцлага сул байгаа нь ял завших боломж олгосон гэж хэлж болно.
Энэ мэт олон жишээ, тоон мэдээ байгаа бөгөөд авто осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн өмнө хэн ч хариуцлага хүлээдэггүй гэхэд хилсдэгүй.
Нийгэм даяар сэтгэл түгшүүлсэн Ч.Маралмаа тэргүүтэй хүмүүст хариуцлага тооцож чадаагүйгээс дахин энэ төрлийн осол аваар гаргагчид ял авахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс зам тээврийн осол гаргагчдад тооцох хариуцлагыг чангатгаж, олон олон Ч.Маралмааг "төрүүлэхгүй" байх нь зүйтэй юм.
График зургийн эх сурвалж: ҮСХ
Холбоотой мэдээ