Уулын Карабах орчмын маргаантай нутаг дэвсгэрийн асуудлаар Азербайжан, Армен улсууд 35 жил сөргөөцөлдөж байна. Тус бүс нутгийг олон улсад Азербайжаны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг боловч гол төлөв армен үндэстнүүд амьдардаг.
2020 оны есдүгээр сард нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн зургаан долоо хоног үргэлжилсний эцэст ОХУ-ын зуучлалаар талууд гал зогсоох шийдвэрт хүрч байв. Зэвсэгт мөргөлдөөний улмаас 6500 цэргийн амь нас үрэгдсэн бөгөөд хэлэлцээрийн үр дүнд Армен газар нутгаасаа Азербайжанд өгсөн юм.
Үндсэндээ 35 жилийн хугацаанд хоёр улсын хооронд ойр ойрхон давтамжтай мөргөлдөөн үүссээр байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Азербайжан уулын Карабах руу халдсан бөгөөд энэ халдлага 24 цаг л үргэлжилжээ. Довтолгооны үеэр Оросын хэд хэдэн энхийг сахиулагч азербайжан цэргүүдийн гарт амь үрэгдсэн. Маргааш нь Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев ОХУ-ын ерөнхийлөгч Путин руу утасдаж, уучлалт гуйжээ. ОХУ ямар нэгэн ноцтой гомдол гаргаагүй учир хэргийг хэт дэврээлгүй хаасан гэж үзэв.
Мөргөлдөөнд Азербайжан цэргийн ялалт байгуулсан нь Армений уламжлалт түнш, холбоотон ОХУ-ын хувьд геополитикийн томоохон ухралт юм.
ЗХУ задран унаснаас хойш Москва ойрын хөршүүдийнхээ хүчийг сулруулахын тулд мөргөлдөөнийг өдөөх тактик баримтлах болжээ. Тухайлбал, Украин, Молдав, Гүржид ОХУ хямралыг бий болгосон. Гэхдээ энэ удаад Азербайжаны хүчинд дасан зохицох шаардлагатай болсон нь тэд хуучин холбоотноо золиослоход бэлэн байгааг харуулав.
Арменийн ерөнхий сайд Никол Пашинян энэ сарын эхээр мэдэгдэхдээ “Манай улс аюулгүй байдлын хувьд ОХУ-аас 99.999 хувь хамааралтай явсаар ирсэн нь стратегийн алдаа гэж харамсдаг” гэжээ.
Орос, Азербайжан, Арменийн харилцааны тухайд олон улсын шинжээчдийн дэвшүүлсэн таамаглалуудаас дурдвал, “Chatham House” судалгааны төвийн шинжээч Жеймс Никси “Карабах бол ОХУ-ын хувьд тийм чухал бүс нутаг биш. Крым, Сири шиг хүчин чармайлт гаргахаар газар биш” гэсэн юм. Мөн Нейл Мелвин нэртэй шинжээч хэлэхдээ “ОХУ нэг ёсондоо буруу улс сонгосон. Азербайжан нь Оростой илүү ойр байдаг. Одоо өмнөд Кавказад хэн ноёрхож байгаа нь тодорхой байна” гэжээ.
Азербайжан нь Армениас илүү том бөгөөд баян, Орос шиг автократ улс юм. Газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй тус улсын эдийн засаг нь илүү хүчирхэг армийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Тус улсын батлан хамгаалахын төсөв нь 2.64 тэрбум ам.доллар буюу хөршөөсөө 3.5 дахин их байна. Түүнчлэн тус улс нь Турктэй харилцаа холбоогоо зузааруулж, “Bayraktar TB2” нисгэгчгүй онгоцыг нь авчээ. Үүний үр дүнд Азербайжан 2020 онд 44 хоног үргэлжилсэн мөргөлдөөний үеэр тэнгэрийг хяналтдаа авч чаджээ. Тухайн үед Армен улс Зөвлөлтийн үеийн танкуудаар мөргөлдөөнд оролцож байв. Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев Украины дайны өмнөхөн Москвад ханджээ. Аав нь нэгэн цагт КГБ-ын түшмэл, улс төрийн товчооны гишүүн байсан Алиев халдлагаас хоёрхон хоногийн өмнө Москвад очиж, Путинтэй эвслийн гэрээ байгуулсан юм. Дараа нь Азербайжан улс Оросоос байгалийн хий худалдаж авахаар тохиролцсон нь Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ингэж байна уу гэсэн асуултыг төрүүлсэн.
Азербайжаны өмнөд хэсэгт Оросын ойрын холбоотон орнуудын нэг Иран оршдог бөгөөд гурван улс тавдугаар сард Каспийн тэнгисээр шинэ төмөр замын коридор барихаар тохиролцсон. Энэхүү коридорыг барьснаар Суэцийн сувагтай өрсөлдөхүйц худалдааны замыг бий болгож чадна гэж ОХУ мэдэгджээ.
Харин нөгөө талд Армен улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг өөрсдөд нь тусламж үзүүлээгүйд гоморхож байна. Өдгөө тус улсын парламент олон улсын эрүүгийн шүүхэд бүртгүүлэх асуудлыг авч хэлэлцэх гэж буй. Энэ нь батлагдвал Путины айлчлалд саад болох юм. Гэхдээ олон улсын эрүүгийн шүүхэд бүртгүүллээ гээд Армен Европын холбоо, НАТО руу чиглэх боломжгүй гэж үзэж байна. Европын холбоо болон НАТО-д элсэхийн төлөө Украинд тулгарч буй бэрхшээлийг харахад энэ нь ойлгомжтой аж. Тиймээс Армен шиг улсад ямар ч боломж байхгүй гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ нь Арменийг хамгаалах чадваргүй эсвэл хүсэлгүй байгаа нь ЗХУ-ын дараах бусад царцаасан мөргөлдөөнд мөн ялгаагүй нөлөө үзүүлэхгүй гэсэн хардлагыг төрүүлэв.
Учир нь мөргөлдөөнд оролцогч талууд нь бүгд Азербайжанаас бага эрх мэдэлтэй, эсвэл Москватай бараг дайсагналцдаггүй. Тухайлбал, Гүржийн засгийн газар Өмнөд Осет, Абхазын бүс нутгийг эргүүлэн авах сонирхолгүй байгаагаар үл барам Оростой улам бүр найрсаг харилцаатай болсныг Кавказын бүс нутгийн шинжээч Магомед Торижев онцлов. Приднестровийн салан тусгаарлагчидтай Молдав улс ч бас аливаа сөргөлдөөнд бэлэн биш гэж үзэж байна.
Шууд эсэргүүцэл үзүүлэхгүй л бол Москвагийн оршин тогтнол бат бэх байна гэж ажиглагчид үзэж буй. Гэхдээ Украин, Азербайжан тэргүүтэй хүчирхэг орон урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр Оросыг эсэргүүцэх хүсэлтэй бөгөөд чадвартай болсон гэж “The Guardian” хуудас дүгнэжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ