Зунжин хөдөөгүүр морь магтаж, бөх байлж явсан Засгийн газрын гишүүд ажилдаа оронгуутаа мөн л хөдөөг тойрч элдэв амлалт өгч явна. Сонгууль хаяанд ирсний шинж биз ээ. Бараг танхимаараа шахуу хөдөөг тойрох зуур Ерөнхий сайдын суганд наалдан олон нийтээс оноо цуглуулах нэгэн ч байна. Тухайлбал, Монгол Улс ирэх онд идэх гурилтай байх эсэхийг хариуцдаг Хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун тойрогтоо Ерөнхий сайдыг залчихсан явж харагдав. Тойрогтоо байх хугацаандаа Ерөнхий сайдын зүүн суганаас салаагүй тэрбээр баруун аймаг цасанд дарагдаад эхэлснийг анзаарах сөхөөгүй боомтын бүтээн байгуулалт, нисэх онгоцны буудал гэх мэт том төсөл ярьж явна.
Энэ хугацаанд газар тариалангийн гол бүс нутгуудаар өдөртөө хүйтэн бороо, шөнөдөө нойтон цас тасарсангүй. Мэргэжлийн хэмээн газар тариалан, гурилын салбарын ашиг сонирхлоо гээн байж сайд болсон нэгэн бол анзаарах л байгалийн үзэгдэл болж байна. Ямартай ч цаг уураас сүүлийн хэдэн өдөр газар тариалангийн гол бүс төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй онцгойлон анхаарууллаа. Харин сайд юун ургац, юун тариаланчид манатай тойргоо усалж явах хойгуур хариуцсан яамнаас нь ургацын мэдээ гаргав. Тэр мэдээнээс үзвэл, Монгол Улс хэмжээнд энэ намар нийт 480 мянган тонн улаанбуудай хураан авахаас ердөө 4,4 хувийг нь хураан авчээ. Хэрэв Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хурааж амжаагүй буудайн толгой бөхийгөөд эхэлсэн бол лавтай ургац алдчихлаа, Х.Болорчулуун сайд аа. Ургац алдлаа гээд сайдын толгой бөхийхгүй ч гурилын үнийн өсөлтөд ардын нуруу бөхийдөг. Амьдрал дээр байхгүй төсөл хөтөлбөр ярьж явахын оронд байгаа ургацдаа санаа тавьсан нь дээргүй юу.
Д.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ