Гаднах төрхөө өөрчилж, БНХАУ-д саатуулагдсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр өнөөдөр /2023.09.26/ 16.00 цагаас Монголд авчрах талаар бид мэдээлсэн.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Иргэн Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр 16.00 цагийн орчимд Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд оргон зайлсан иргэдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мөн дээрээс нь нүүрсний хэрэгтэй холбоотой эрх зүйн туслалцааг хүссэн. Нүүрсний хэрэгтэй холбоотой тоо баримтад Хятадын талаас “удахгүй хариу өгье, нэлээд мэдээлэл цуглуулаад өгөхөөр болж байгаа” гэсэн. Мөн БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан хүнийг энэ долоо хоногт манай талд шилжүүлж өгөхөөр болж байна. Энэ хүмүүсийг Хөх хотын агаарын боомтоор хүлээж авахаар онгоцны төлбөрийг шилжүүлсэн. Ирэхээр нь харьяа дүүргийн шүүхэд шилжүүлнэ. Мөн нэмээд 12 хүний асуудлаар Хятадын хууль зүйн сайдад хүсэлт тавилаа. Нийтдээ 18 хүн нутагтаа ял эдлэх хүсэлт тавьсан” гэлээ.
Түүнчлэн, нүүрсний хэрэгтэй холбогдуулан хянан шалгагч нар ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар “Нүүрсний сонголтой холбоотой хянан шалгагч нар ажилдаа орсон ажиллаж байна. Дөрвөн чиглэлээр хянагч нарыг ажиллуулж байна. Худалдан авалт, уурхайн олборлолт ашиглалт нүүрс тээврийн гэрээ, концесстой холбоотой асуудлаар. Энэ хүмүүс өнөөдөр түр хорооны нэрийн өмнөөс холбогдох байгууллага руу тодорхой баримт сэлт гаргахаар байна. Ирэх долоо хоногоос шинжээч томилно. Б.Ганхуяг нарыг сонсголд оролцуулахад буруу юм байхгүй” гэсэн юм.
Холбоотой мэдээ