Covid-19-өөс хойш гадаадын иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлээгүй байсан Хойд Солонгос Даваа гаригаас эхлэн албан ёсоор хилээ нээв. Гадаадын иргэд Хойд Солонгост нэвтэрснийхээ дараа хоёр өдөр хорио цээрийн дэглэмд хамрагдана. Энэ талаар Хятадын "CCTV" мэдээлсэн боловч Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд хараахан мэдээлээгүй байна.
Хойд Солонгос цар тахлын эхэн үед тогтоосон хилийн хязгаарлалтаа аажим зөөлрүүлэх болсон. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Хятад, Оросын төлөөлөгчид тус улсад нэвтэрсэн. Улмаар өнгөрсөн сард хилийн чанад дахь хойд солонгос иргэдээ эх орондоо хүлээж авчээ. Хятадын хилийн Дандонг хотоос 1000 гаруй иргэн ирэх төлөвтэй байгааг өнгөрсөн сард мэдээлж байв.
Үүнээс гадна хойд солонгосчууд өөрсдөө ч бас хилийн дээс давцгаах болсон. Энэ сарын эхээр удирдагч Ким Жон Ун тэргүүтэй Хойд Солонгосын албаныхан ОХУ-ын Владивостокт айлчилсан. Мөн өнгөрсөн Ням гаригт Хятадын Ханжоу хотод нээгдсэн Азийн наадамд Хойд Солонгос улс тамирчдаа илгээжээ.
Эх сурвалж: YONHAP