Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

76:1
“Дуулианы эзэн”

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Чинбатын Ундрамыг танилцуулж байна.


Эрх мэдэл, мөнгө хоёроор “зодож” байж, Сэлэнгэ аймагт нэр дэвших “виз” аван, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түшээ бол Ч.Ундрам юм. Сэлэнгэчүүд түүнийг Ардчилсан Залуучуудын холбоонд гишүүнчлэлтэй явсныг анддаггүй. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлээд гудамжинд гарч, хэдэн тал болж, хэрэлдэж талцаж байсан намд үлдэх нь явуургүйг мэдэрсэн үү, их улс төрийг 2020 онд Ардын намаас эхлүүлсэн нь алдсангүй, парламентын гишүүн болж, сэлэнгэчүүдийг төлөөлөх болсон юм.

УИХ-д анх удаа сонгогдсон ч сайдын суудалд санаархсан нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болгож байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахаар болж, Бага хурлаа зарлан хуралдуултал Ч.Ундрам гишүүн “Боловсролын салбараа аваръя гэвэл намайг сайдаар нь сонго” гэх агуулгатай зүйл ярьсанд Ардын намын гишүүд “Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хонь минийх болж байна. Эхлээд хуулийн төсөл дээр ажиллаад сураадах” гэж аашлуулсан гэх нь бий.

Тэрбээр МАН-ын гишүүд дотроо боловсрол өндөртэйд тооцогдох ч ёс зүйн хувьд асуудалтай хүнээр яригдсаар бүрэн эрхээ дуусгах болж буй. Учир нь, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болоод удаагүй байтал охиноо хүчирхийлсэн бичлэг цацагдсан нь нийгэмд дуулиан тарьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Тухайлбал, дээрх асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн иргэдээс УИХ-д цахимаар 200 өргөдөл, бичгээр 700 иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирсэн байдаг.

УИХ-ын Ёс зүйн хороогоор түүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх ёстой гэх шаардлагыг иргэд тавьсан ч тус хорооны дарга Б.Баттөмөр “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ямар нэг асуудалд холбогдвол ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд давхар шалгахгүй хэмээн дүрэмд заасан байгаа. Гэр бүлийн маргаанаар Хан-Уул дүүргийн шүүх дээр, хүүхдээ татаж унагасан асуудлыг цагдаагийн байгууллагад тусдаа шалгагдаж байгаа.

УИХ-ын ёс зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, эрхийг нь түдгэлзүүлэх эрх байхгүй. Сануулах, уучлалт гуйх, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авах үүрэгтэй. Хуулийн байгууллагаас хүүхдийн хүчирхийлэл эсэх дээр материал ирж байж тус асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Шүүхээс гэм буруутайн тогтоогдвол эгүүлэн татах хуулийн үйлчлэлтэй” гэдэг тайлбар хийж байв.

Харин Ч.Ундрам гишүүн болж өнгөрсөн дуулиант явдлынхаа талаар “Энэ бол миний хувийн амьдралын асуудал учраас үүнээс болоод ажлаа өгнө гэдэг асуудал байхгүй. Үүнд хувийн болон хувьсгалын асуудал гээд маш олон үйл явдал байгаа учраас ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. УИХ-ын гишүүний өргөсөн тангараг ёс зүйн асуудалтай харшилсан зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй огт холбогдоогүй. Хувийн амьдралтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй ярьмааргүй байна" гэдэг тайлбар хийсэн юм.

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг үгийг сануулах мэт, хувийн амьдралтай нь холбоотой дуулиан шуугиан арайхийн намжаад байтал  твиттерийнх нь нууц хаяг “задарсан” нь бас л шуугиан тарьсан.

Твиттерт Ч.Ундрам гишүүний туслах “Орон нутгийн багш” гэх нууц нэрээр давхар “жиргэдэг”, ингэхдээ намынхнаа намнуулдаг байсан нь илчлэгдсэн. Намнаанд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нар өртсөн нь тодорхой болсон. Түүний бот хаяг задарсан нь туслах нь будилснаас үүдэлтэй гэж хэлж болно. Мөн эл явдлаас хойш Ч.Ундрам гишүүнийг “Ардын намын намнаач” гэж тодотгох болсон байдаг.

Тэрбээр УИХ-д сонгогдсоноосоо хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлжээ. Одоогоор уг төслүүд хараахан батлагдаагүй байгаа.

Мөн УИХ-аар өнгөрсөн долдугаар сард баталсан Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж ажилласан. УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн дунд “англи хэлийг үндсэн гадаад хэл” гэж хуульчлах эсэх асуудал дээр маргаан дэгдсэн. Ч.Ундрам гишүүний хувьд “Боловсролын ерөнхий хуульдаа англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж томъёолж өгөх нь Боловсролын сайд солигдох бүрийд үзэл баримтлал өөрчлөгддөггүй байх тогтвортой орчин бий болно гэж үзэж байв.  Маргааныг хагалах зорилгоор эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын төвшинд нухацтай хэлэлцсэний эцэст Боловсролын ерөнхий хуульд “Англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж зааж өгсөн юм.

УИХ-аар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх үеэр эцэг Ч.Чинбатынх нь хамаарал бүхий "Вояжер минерал ресурсес" ХХК 476.9 сая иенийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан асуудал хөндөгдсөн.

Хэдийгээр  тус компани зээлээ төлсөн ч 86 хувийг эзэмшигч Ч.Чинбат эзэмшигчтэй “Монзол” ХХК-тай холбоотой мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан тухай асуудал хөндөгдсөн нь хамгийн ноцтой байсан ч эл асуудлын мөрөөр хэн ч хяналт шалгалт явуулаагүй юм.

Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь тухайд Ч.Ундрам гишүүн “Миний аав бизнестээ намайг оролцуулдаггүй. Намайг мөнгөтэй биш боловсролтой болгохын төлөө хүмүүжүүлсэн. Надаас уучлал гуйж, энд тэндээс бүх зүйлээ шавхаад зээлээ төлж дуусгасан. Одоо ямар ч зээлийн асуудалгүй болсон. Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээллийг олон нийтэд ил болгоход л зээлтэй холбоотой мэдээллийг нь би мэдсэн. Би тухайн үед намынхаа гишүүнээс түдгэлзсэн байсан үе болохоор аавынхаа зээл авсан асуудалд оролцоогүй” гэж мэдэгдэж байв.

Уг нь Ч.Ундрам гишүүн УИХ-д нэр дэвшихдээ МУИС-д багшлахын хажуугаар аавынхаа байгуулсан компанид зөвлөхөөр ажиллаж, санхүүгийнх нь албыг  хариуцаж, дэм болдог тухай ярьсан байдаг ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа үгүйсгэсэн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль
  • 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/
  • 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/
  • 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2005-2006 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежер
  • 2007-2008 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач
  • 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор
  • 2010-2013 онд МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор
  • 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга
  • 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцан дэд захирал
  • 2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессор
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2014 онд Боловсролын тэргүүний ажилтан
  • 2015 онд МУИС-ийн Жуух бичиг
  • 2016 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Япон

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж