Орос улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дахин нэгдэхийг эрмэлзэж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ОХУ-ыг тус зөвлөлөөс хассан. Тухайн үед Ерөнхий ассамблейн 93 гишүүн дэмжиж, 24 гишүүн эсэргүүцэн, 28 гишүүн түдгэлзсэнээр ОХУ-ыг хасч байв. Хэрвээ ОХУ дахин нэгдэж чадвал энэ нь олон улсад байр сууриа тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болох юм.
Оросын дипломатчид улсаа Хүний эрхийн зөвлөлд дахин сонгох эрмэлзлэлээр албан хүсэлт гаргажээ. Хүсэлтэд ОХУ хүний эрхийн асуудлаар зохих шийдлийг олохоо амлаж, зөвлөлийг нэг талыг барьсан улс төрийн хүсэл зоригт үйлчилдэг хэрэгсэл болгохыг зогсоохыг хичээж буйгаа дурдсан. Энэ үгээрээ ОХУ барууныхныг дайруулсан гэж үзэж байна.
Хүний эрхийн зөвлөл Даваа гаригт хамгийн сүүлийн тайлангаа танилцуулсан. Комиссын дарга Эрик Мосе хэлэхдээ "ОХУ-тай холбоотой эрүүдэн шүүх, хүчиндэх, энгийн иргэд рүү халдсан дайны гэмт хэргийн нотлох баримтууд байсаар байна" гэжээ. Түүнчлэн "Орост хүний эрхийн байдал илтэд дордож, дайныг шүүмжлэгсэд баривчлагдан, эрүү шүүлт, хүчирхийлэл амсаж байна" гэж ОХУ-ын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Мариана Катзарова хэлэв.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь Женевт байрладаг бөгөөд тус бүр гурван жилийн хугацаатай сонгогддог 47 гишүүнтэй. Дараагийн сонгууль ирэх сарын 10-нд болно. Энэ сонгуулиар төв болон зүүн Европын орнуудад зориулсан зөвлөлийн хоёр суудлын төлөө Орос улс Албани, Болгартай өрсөлдөх юм. Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүн бүгд оролцоно.
ОХУ сонгуулийн кампанит ажлаа эрчимтэй явуулж байгааг Ерөнхий ассамблейн дипломатууд хэлэв. Тухайлбал, ОХУ жижиг орнуудад саналын хариуд үр тариа, зэвсэг санал болгож буй аж. Тиймээс дахин зөвлөлд элсэх боломжтой гэж зарим ажиглагч үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ