Чансаа тогтоох барилдаан энэ сарын 30-ны Бямба гаригт болох талаар Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг "Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан" есдүгээр сарын 30-ны 11:00 цагаас болно.
2023-2024 оны улирлын эхний барилдаанаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн чансааг тогтоох бөгөөд уг барилдааны чансаагаар дээд түвшний барилдаан буюу аймаг, цэрэг болон улсын цолтон ахалсан барилдаанд оролцох эрхийг авах боломжтой байна.
Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 28, 29-ний өдөр цахимаар бүртгэх юм. Энэхүү барилдааны дараагаар бөх сонирхогчдын хамгийн ихээр хүлээж буй "Алтан цом"-ын барилдаан эхэлнэ.
Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт МҮБХ-ны Алтан цомын төлөөх барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох тов гараад буй.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.
Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Холбоотой мэдээ