БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулж, нас барсан иргэний ар гэрийнхэн өнөөдөр /2023.09.26/ мэдээлэл хийлээ.
Талийгаачийн төрсөн эгч А.Болормаа:
-БНСУ-ын дөрвөн бүлэг этгээд миний дүүг хөнөөсөн эсэх нь тодорхойгүй байна. Дүү маань 2016 онд БНСУ-руу гэрээгээр ажиллахаар явж байгаад харлаж, тэнд харамсалтайгаар амь насаа алдсан. Манай дүү БНСУ-д ажиллаж байхдаа хүлэмжний компанийн захирлаасаа ажил хийсэн 12 сая төгрөгөө авч, эх орон руугаа буцах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэвч бүлэг хүмүүс дүүг маань зодсон байсан. Тухайн үед дүү маань зодуулсан гэдгээ надад хэлэлгүй, үеэлүүдэд хэлсэн байсан. Дүүгийн минь хэрэг Өмнөд Солонгосын драм шиг юм болж байна. Дүү маань эзэнгүй шинэ байранд нас бараад 20 хоног болсон байсныг мэдсэн. Компанийн зүгээс цалингаа өгч байгаад сүүлдээ өгөхөө больсон байсан. Дүү маань 2021 оны тавдугаар сарын 29-нд ар гэртэйгээ холбогдож "Цалингаа автлаа ажилдаа очихгүй, гэртээ байна" гэж хэлж байсан. Тэгээд зургадугаар сарын 8-ныг хүртэл бидэнтэй холбогдож, 9-нөөс хойш огт холбогдоогүй. Талийгаачийн цогцсыг огт таниулаагүй, харуулаагүй. Дүүгээ нас барсан эсэхийг мэдэхгүй байна. Бид эргэлзэж байна. Улсаас өмгөөлөгч авах хүсэлтэй байна.
Би 2021 оны наймдугаар сарын 4-нд БНСУ-руу явсан. Хоёр жилийн хугацаанд энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж явлаа. Өмнөд Солонгос улсад байгаа Элчин сайдын яам, Консулын газарт хандлаа. Гадаад иргэдэд тусламж үзүүлдэг байгууллага, хүний эрхийн байгууллагуудад хандахаар авч хэлэлцэхгүй байна.
Энэ хэргийг хоёр улсын хэрэг гэдэг. Өмгөөлөгч огт олдохгүй байна. БНСУ-аас дүүг маань нас барсан гээд нэг зураг харуулдаг. Задлан шинжилгээний эмнэлэг хүн гэхийн аргагүй зураг үзүүлдэг. Мөн Монгол орчуулагч нь тэр үед "Захирлыг уурлуулж болохгүй" гэж хэлж байсан. Захирлыг нь 3.5 сая төгрөгөөр торгосон, тэр зардлыг биднийг төл гэж хэлсэн. Би 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр дүүгээ нас барсныг дуулж, тэр дагуу дүүгийнхээ цогцост задлан хийлгэхгүй гэдэг хүсэлтээ хэлсэн. Гадаад харилцааны яаманд очоод дүүгийнхээ цогцсыг авья гэхэд 70-80 сая төгрөг болно гэсэн.
Хамаатны эгч маань дүүтэй маань салах ёс хийх гэсэн чинь цогцосыг нь харуулахгүй, зүгээр нэг модон хайрцганд хийсэн байсан. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг.
Би эхээсээ хоёулаа. Би ганцаараа үлдээд байна. БНСУ дахь Консулын албаныхан зөвшөөрөөгүй байхад дүүгийн минь цогцост задлан хийсэн байсан. Би өнөөдөр БНСУ-д хэргээ шүүлгэхээр очиход чандрын газар бүртгэлгүй байна гэсэн. Бид маш их гайхаж байна. Захирал нь манай дүүг сүүлийн зургаан сар огт ажиллаагүй гэж хэлэхэд гар утсан дээр дөрөв, тавдугаар сард ажилласан цалингийн мессеж ирсэн байсан. Тэр захирал нь "Манай компанид энэ хүний талаар мэдээлэл огт байхгүй" гэсэн.
Холбоотой мэдээ