“Сэрэлт”-ээс сэргэлт: Баярлалаа, баяртай…

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

“Сэрэлт”-ээс сэргэлт: Баярлалаа, баяртай…

“Сэрэлт”-ээс сэргэлт: Баярлалаа, баяртай…

Юун сэрэлт, яагаад сэргэлт, бас юунд баярлалаа найрсаад, юуг баяртай гээд хөөчихөв өө гэж үү. Их учиртай. Юмны учир гэдэг цаанаа хоржоонтой зүйл юм байна. “Сэрэлт” гэх социалист реализмын бүтээлээс Шинэ сэргэлт гэж тодорхойлж замнасан өнөө үе хүртэл үнэн хэрэгтээ юу ч өөрчлөгдсөнгүй. Нам нь ч тэр, ном нь ч ялгаагүй. Хөгжил гэдэг нь намын санхүүжилт, даргын тэтгэмж, даргын алдар гэж үздэг байж. Хуучин нийгэмд ч, шинэ нийгэмд ч тэр. Тэр бүхэнд намын том дарга нар баярлалаа гэж бөхийгөөд, баяртай гэж буцаасаар 10 арваныг туулжээ…

БАЯРЛАЛАА!

Хуучин нийгмийнхээ бааз суурин дээр ардчиллын галыг тулгандаа ноцоосон бид хөгжил гэдгийг гадныханы хөрөнгө гэж харсаар ирсэн. Өнгөрсөнд ч тэр, одоо ч тэр. Нэг ёсондоо бид түүхийн аль ч цаг үед бид “баярлалаа” гэж алга хавсардаг улс. Чухам баярлалаа гэсний хариуд бид 1990-2023 оны эхний улирал хүртэл 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Үүний 73 хувийг уул уурхайн салбарт зарцуулжээ. Гэвч бид баярлачихаад гомдоочихдог улс аж. Нэгэн жишээ дурдъя.

2011 он. Монгол Улс байгалийн баялгаараа дэлхий нийтийг татаж, гаднын түрүүвчийг даллаж байсан цаг. Уул уурхайн цикль таарсан энэ тохиолыг одоогийн зарим улстөрчид өөр дээрээ нааж маадайдаг л юм. Чухам тэр цаг үед Монголын төр Чехүүдээс тусламж хүсчээ.  Яг энэ цаг мөчтэй давхцаад Монгол Улс эртний харилцаат Чех улсад ураны хайгуул олборлолтын салбарт хамтран ажиллах саналаа тавьжээ. Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулж хамтран ажиллахаа илэрхийлсэн Чехийн тухайн үеийн мэдээллийн цахим хуудсуудад одоо ч хадгалаатай бий. Удалгүй манай саналыг Чехийн талаас нааштайгаар хүлээн авч Чехийн Худалдаа, аж үйлдвэрийн яам хамтран ажиллаж болно гэдгээ илэрхийлжээ. Түүх ингэж эхэлсэн.

Эхлээд удаагүй байхад манай талаас Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны газар, Чехийн талаас Худалдаа, аж үйлдвэрийн яам хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энд дурдагдах цаг хугацаа нь 2012 оны дөрөвдүгээр сар. Үүнээс хойш хоёр талын уулзалт, яриа хэлэлцээ эрчимжсэний эцэст Монгол-Чехийн хувь нийлүүлсэн ураны компанитай болохыг дэмжжээ. Дэмжих, дэмжихдээ хөрөнгө оруулагч Чехийн талаас “Ураниум Индустриал” компани, Монголын талаас төрийн өмчит “Мон Атом” компани хамтран ажиллахаар болов. Түүх уг нь сайхан эхэлсэн. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Чехийн нийслэл Прага хотноо 2013 оны наймдугаар сард болоход хоёр улсын хувь нийлүүлсэн уран олборлох компани байгуулахаар болж, албан протоколд “…хоёр улсын харилцааны тэргүүлэх төслийн нэг…” гэж тодорхойлов.

Түүх цаашаа сайхан үргэлжилнэ, уг нь. Бүгд найрамдах Чех улсын тухайн үеийн Ерөнхий Иржи Руснок 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайдад ураны хүдрийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Дараа жил нь 2015 оны 1-р сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Чех улсад айлчлахдаа “…урааны хүдрийн геологи хайгуул, олборлолтын салбар нь хоёр улсын хамтын ажиллагааны гол чиглэл…” болохыг хамтарсан мэдэгдэлдээ тусгана. Дараа жил нь буюу 2016 онд төслийн гүйцэтгэгчээр “Ураниум Индустриал”, “Мон-Атом”-ын хамтарсан “Гурвансайхан” компанийг сонгоно. Түүх ингэж л хөвөрч ирж. Энэ хугацаанд Чехийн талаас 310 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулжээ.

БАЯРТАЙ!

Дээрхээс уншсан бол хөрөнгө оруулагч олборлолт хийж эхлээгүйг анзаарсан байх. Ашиглалтын 4 лицензтэй энэ төслийн гурвынх нь ТЭЗҮ, бизнесийн төлөвлөгөө боловсруулж дуусаад, нэг дээр нь олборлолт хийхээр бэлдээд байж. Тэгтэл ажил эхэлдгийн даваан дээр Монголын тал шүүхээр тонгорчихжээ. Уг нь гэрээ гэдэг их энгийн зүйл. Гэрээ байгуулсан “А” тал “Б” талууд харилцан ашигтай байна, харилцан адил эрх бөгөөд үүрэг хүлээнэ. Хүлээсэн үүргээ зөрчвөл хуулиар асуудлаа шийднэ. Харилцан ашигтай хөгжөөд ураны салбарт хайгуул хийе гэж байхад нь бид энд хууль зүйн маргаан үүсгээд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэчихлээ. Хэрэв асуудлаа шийдэж чадахгүй бол хөрөнгө оруулагч тал олон улсын арбитрын шүүхэд хандахаа илэрхийлсэн байна.

Бид баяртай гэсэн ч тэд зүгээр өнгөрөхгүй. Олон улсын хэм хэмжээнд захиргддаг, дэлхийн дэг журмын нэг хэлтэрхий тул арбитрын шүүхэд хандана. Зөрчсөн байнаа гэж үзвэл олон улсын шүүх ч шийдвэрээ гаргана. Нэг ёсондоо бид хуулиар тонгорсон бол дэлхий биднийг ч тонгорчихож мэднэ. Олон улсад 2015 онд нэг тонгоруулаад 100 гаруй саяын өрөнд орж байсан түүхтэй улс шүү дээ, бид. “Хан ресурс”-ыг санаж байна уу?

Баяртай гэсний хариу ч бидэнд чангахан тусдаг. Судалгаагаар 1990-2023 оны хооронд Монгол Улсад  хөрөнгө оруулсан 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна.

СЭРЭЛТЭЭС СЭРГЭЛТ ХҮРТЭЛ!

Өнөө бидэнд үзэл суртлын хэлтэрхий гэж адлагдаж байгаа “Сэрэлт” кино 1957 онд дэлгэцэд гарчээ. Кино бүхэлдээ “Шашиндаа самуурч”, “халдвартаа баригдсан” монголчуудыг “орос эмч” ирээд хэрхэн “засч” болдгийг дүрсэлсэн агууламжтай. Гэхдээ одоо бид агууламж, урсгал ярихгүй. Уншигч та 1957 онд анхаарлаа хандуулаарай. Тухайн үед ЗХУ-ын засгийг Хрушев атгаад дөрвөн жил болоод байж. Өмнөх даргаа үзэн ядуулах кампанит ажил ид өрнөж байсан гэдгийг санах хэрэгтэй. “Сэрэлт” кинонд өгүүлдэг монголчуудын сэрэлт нь чухамдаа бид сэрчихсэн үү, үгүй юу гэдгийг уншигч та тунгаагаад үзээрэй.

***

Манай дарга нар бодлого гэдгийг лоозон гэж ойлгоод сурчихаж. Лоозонгоо бид сонгуулийн  өнгөн дээр ямар нам гарснаас шалтгаалан тодорхойлдог гэж тайланд тусгажээ. Хамгийн “гоё” нь 2008 онд УИХ-аас Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж байлаа. Улмаар наймхан жилийн дараа 2016 онд хүчингүй болгоод өөр нэг чамин нэр өгөөд цаашаа “замнажээ”. “Өөр нэг “гоё” жишээ. Гадаад харилцааны яам, МҮХАҮТ,  Олон улсын худалдааны төв хамтран “Монголын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураглал 2019-2023” гэгчийг боловсруулж байж. Үүний дүгнэлт хэсэгт “Дэлхийн банкны хөрөнгө оруулагчдын судалгаанд дурдсанаар оролцогчдын 80 орчим хувь нь хөрөнгө оруулагчдын хамгаалалт байхгүйн улмаас тус улсад оруулсан хөрөнгө оруулалт нь буцаж гарах эрсдэлтэй гэж үзсэн байна. Энэ замын зурагт хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд “Өрсөлдөх, холбох, өөрчлөх” гэж тодорхойлжээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж