Москвагийн зочин ба монгол ухаан!

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

Москвагийн зочин ба монгол ухаан!

Москвагийн зочин ба монгол ухаан!

Москвагийн зочинд тийм ч таатай хандсангүй. Ирэх сургаар нь айлчлалыг нь эсэргүүцэхээ илэрхийлж,  жагсаж, цуглана гэж байсан “nowar” хөдөлгөөнийхөн ямартай ч үймээн тарьсангүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд орос даргын үйлдэлд эгдүүцсэн, шүүмжилсэн хүмүүс цөөнгүй байлаа. УИХ-ын даргын урилгаар  гурван хоног Монголд айлчилсан ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин өчигдөр нутаг буцжээ. Түүний айлчлал бодсоноос даруухан, монголчуудын хувьд хүлээлт багатай, магадгүй Монгол Улс барууны нөлөөнд хэр автсан эсэхийг тэрбээр шалгаад буцсан ч байх талтай.  Сар хүрэхгүй хугацааны өмнөхөн Монгол тав хоног саатсан Ромын папыг алга ташин угтсан монголчууд түүнд шүүмжлэлтэй хандсан, гэхдээ арай ч чулуугаар шидсэнгүй.

Монголд айлчилсан хэн бүхэн Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Ропын Пап сандлаасаа босоод хүндэтгэл үзүүлсэн Эзэн Богдын "өмнөөс" Оросын Төрийн думын дарга В.Володин эсрэгээрээ гэдийсэн нь монголчуудын игзаарыг хөдөлгөжээ. Манай Оросын "хөхдөг"-үүд өмөөрч ядахдаа "нэг муу хөшөө чулуу штээ" гэжээ. Хөшөө нь хөшөө, чулуу нь чулуу. Гэхдээ тэр хөшөө чулуу нь Монголыг туурга тусгаар, ардчилсан улс болохыг баталдаг, харуулдаг. Монгол Москвагийн де-юре улс явахдаа Эзэн Богд Чингис хааны нэрийг хэлэхээс ч цээрлэдэг байсан.

Гэвчиг гэдийсэн зочинтой гэдийж харилцах нь монгол ухаан биш. Тэгээд ч “Тэнэг мугуйд хүмүүстэй тэрсэлдэж бүү марга” гэж монголчууд  сургадаг.  Тиймээс  В.Володины үйлдэл тэнэг мугуйд байсан нь хэдий ч бид түүнтэй тэрсэлдэх хэрэггүй гэсэн үг.

Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт харилцаа. Энэ нь “улааныг үзэж урваж, шарыг үзэж шарваж болохгүй” гэсэн утгатай.  Тэрхүү гадаад бодлогын тэнцвэр нь хоёр хөрштэйгөө ч, гуравдагч орнуудтай ч стратегийн харилцаагаа идэвхжүүлэх юм.

Газар зүйн байрлалын хувьд далайд болон агаарын гарцгүй, авторитори дэглэмтэй хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын урд талд дэлхийд эдийн засгаараа нэгд бичигддэг Хятад оршдог. Тэгвэл Монголын хойд хөрш, дэлхийн “Их найм”-ын нэг ОХУ нь цөмийн зэвсэгээрээ тэргүүлэгч 10 орны нэг билээ. Тэндээс бид эрчим хүч, бензин шатахуунаа экспортолдог. Тиймээс  Кремлийн элчийн бараалхах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг уламжилж, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн болохыг албаны протоколд дурджээ. Мэдээж, энэ мэт жижүүрийн үг хэлээд ирсэн зочноо буцаахаас өөр аргагүй.

 “Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг” ч гэдэг. Одоохондоо Монгол Улс ОХУ-аас шатахууны хувьд 90 хувийн хамааралтай. Кремль цоргоо хаах төдийд Монголын экспорт, импорт бүхэлдээ тэг зогсоно. Тиймээс монгол зүйр үгээр бол хатууг зөөлөн иддэг. Гадаад харилцааны хэллэгээр бол энэ нь зөөлөн хүчний бодлого юм. Харвардын их сургуулийн профессор Жозеф Найгийн тодорхойлолтоор бол "Нэг улс бусад улс орнуудаас хүсч буй зүйлээ хийхийг хүчээр тушаахаас ялгаатай нь хамтран ажиллаж эерэгээр ойлгуулахыг зөөлөн хүч гэж нэрлэж болно".

Монголын гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч хэн байхаас, түүний үзэл баримтлал, үнэт зүйл, харизм, характераас шууд хамаардаг.

 2016 оны долдугаар сард Монголд улс төрийн олимп гэгддэг АСЕМ буюу Ази, Европын дээд түвшний XI уулзалт болж, дэлхийн 51 орны төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд нар оролцож байв. 2026 онд У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орсон улс орнуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж буй.

Жишээ нь, Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын индэр дээрээс долоон удаа үг хэлсэн бол Х.Баттулга нэг ч удаа Монголыг төлөөлж байгаагүй. Тэрбээр Алс Дорнодод болдог эдийн засгийн чуулганыг харин алгасаж үзээгүй. Тэгвэл ирсэн зочид, тэдний үнэлэмжээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үе түүхэнд үлдэх нь бас гарцаагүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Францын  удирдагч Э.Макрон, Польшийн ерөнхийлөгч А.Дуда, Гүег хааны хаан ширээнд сууснаас хойш 777 жилийн дараа ирсэн Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн…гээд хоёрхон жилийн дотор цөөнгүй айлчин ирсний гол дүрүүд нь тэд билээ.

У.Хүрэлсүх бол хананд зургаа хадуулахаас илүү түүхэнд нэрээ үлдээх сонирхолтой улстөрч. Энэ утгаараа Монголыг эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгон харагдуулж байгаа нь түүнийг түүхэнд үлдээх биз.  Эзэн богд Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Эдүгээ Монгол Улс ч улс төрийн, шашин талаасаа энх тайваны бэлгэ тэмдэг болон дэлхийд харагдаж, үнэлэгдэж байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
110
ЗөвЗөв
50
ТэнэглэлТэнэглэл
23
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж