Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган"-ыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус чуулганыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд нийт 43 ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулсны нэг нь “Шилдэг офицер” шалгаруулах уралдаан байв.
Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадавар, бие бялдарын хөгжил, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвар, гадаад хэлний болон цэргийн хэргийн мэдлэг зэрэг өргөн хүрээг хамарсан тус уралдаанд байгууллага бүрээс шалгарсан шилдэг 80 офицерыг манлайлан эрэгтэй, эмэгтэй төрөлд тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний ахмад Г.Жавхлантөгс, ахмад Н.Дэлгэрмаа нарт тус бүр хоёр өрөө байрны батламжийг уг чуулга уулзалтын үеэр гардуулан өгсөн нь залуу офицеруудын нийгмийн хамгааллыг бодитой дэмжих замаар ажил албандаа хандах хандлага, урам зориг, албаараа бахархах итгэл үнэмшлийг төрүүлсэн үйл явдал болсон юм.
Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Шилдэг офицер"-уудад байрны түлхүүрийг нь гардууллаа. Мөн байгууллага бүрээс шалгарсан шилдэг офицеруудыг манлайлсан тэдэнд баяр хүргэж, цаашид албандаа хандах хандлагаараа бусдадаа үргэлж үлгэр дуурайл болж явахыг захив.
Эх сурвалж: "Соёмбо" редакц
Холбоотой мэдээ