Цар тахлын дараах жилүүдэд зүрхний өвчлөл өсч, залуу хүмүүс гэнэт харвах болсон талаар мэдээлэл цахим хуудаст их гарч буй. Тиймээс энэ талаар болон зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар Сонгдо эмнэлгийн Зүрх судас, цээжний хөндийн мэс засалч Б.Хашчулуунтай ярилцлаа.
-Сүүлийн үед "унтаад сэрсэнгүй" гэх харамсалтай тохиолдол гарах боллоо. Ялангуяа залуу, идэр насныханд цөөнгүй тохиолдож байна. Зарим эмч нарын зүгээс covid-19-ийн өвчлөлөөс болж байгааг сануулах болсон. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Статистик тоон мэдээлэлд тулгуурлаж харьцуулж байж тийм эсэхийг хэлэх боломжтой. Амьсгал, зүрх судасны систем хоорондоо салшгүй холбоотой. Covid-19 бол амьсгалын замын халдварт өвчин. Үүнээс шалтгаалж энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд амьсгал дутагдаж, тухайн хүний зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсдэг. Хам шинжид мэдээж суурь өвчлөл нөлөөлдөг. Одоогоор өвдөнө гэх зовиур байхгүй ч далд хүчин зүйлс нөлөөлдөг гэсэн үг.
Цус өтгөн, өөх тосны хэмжээ өндөр, таргалалттай байх, стресс их, даралт өндөр байх зэрэг нь шигдээс үүсэх эрсдэл болдог.
Өөрөөр хэлбэл дээрх шинж тэмдэг нас хамаарахгүй зүрх судасны нарийсал үүсгэж аажимдаа нэг өдөр зүрх зогсоход хүргэдэг.
-Цус өтгөрөлтийг яаж мэдэх вэ. Иргэд цус өтгөн байна гэж дур зоргоороо эм авч уудаг. Энэ нь хэр эрсдэлтэй вэ?
-Эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн өөрийгөө оношилж, эмчилгээ хийнэ гэдэг боломжгүй зүйл. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж онош тодорхой болж, үүний дараагаар ямар эм, тариа хэрэглэх, хэрхэн эмчлэх арга зүй тодорхой болно.
Хүмүүс харвалт ихэсч байгааг цар тахалтай шууд холбож ойлгох нь ихэссэн. Мэдээж Covid-19 зүрхний өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн үү гэвэл тийм. Хамгийн гол зүйл нь цус өтгөрөлттэй холбоотой.
Цус шингэн байх ёстой. Covid-19-өөр өвдсөн хүмүүс заавал дархлаагаа дэмжиж, вирусын эсрэг эмчилгээ хийлгэсэн байх ёстой. Дээрээс нь одоо хүйтний улирал эхэлж байна. Энэ үед заавал халуун шингэн тогтмол ууж, дулаан хувцаслаж, маск зүүх хэрэгтэй. Ингэснээр амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөхгүй бөгөөд зүрхний аливаа өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм.
-Иргэд өөрийгөө оношилж, анхан шатны тусламж авахгүйгээр шууд дараагийн шатлалд хандах нь ямар эрсдэл үүсгэж байна вэ?
-Ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд иргэн эхний ээлжид заавал анхан шатны тусламж үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Огт шинж тэмдэг илрэхгүйгээр өвчлөх тохиолдол цөөн. Шалтгаант хүчин зүйлсийн аль нэг нь тухайн хүнд илэрч байж өвчлөл хүндрэх эрсдэл үүсдэг. Тиймээс өрхийн эмнэлгийн дараагаар анхан шатны шинжилгээнүүдийг эмчийн зааврын дагуу дүүрэг, холбогдох эмнэлгүүдэд өгнө. Гуравдугаар шатлалын эмнэлэгт шууд хандахгүйгээр эхлээд өрх, харьяа дүүргийн эмнэлэгт сүүлд нь гуравдугаар шатлалын зүрхний нарийн мэргэжлийн эмчид хандах зүйтэй.
Шууд гуравдугаар шатлалд хандах нь иргэд хугацаа алдах, оочер дараалал үүсгэх, бухимдах нөхцөл байдал бий болгодог.
Тэгэхээр шатлалын дагуу үзлэг, шинжилгээндээ хамрагдаж эмнэлгийн тусламж авах нь зүйтэй.
МОНГОЛД ӨДӨРТ 17 ХҮН ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨР НАС БАРЖ БАЙНА
-Зүрх судас, цээжний хөндийн салбар анх удаагаа нийгэмлэгтэй болж байна. Энэ нь нийгэм ямар ач холбогдолтой юм бэ?
-"Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг"-ийн гол ач холбогдол нь зүрх болон цээжний хөндийн хагалгаа хийх юм. Нэг үгээр бол зүрхний хагалгаа гэдэг нь зүрхийг нээлттэйгээр, зогсоож байгаад хагалгаа хийх явдал. Нөгөө талаар уушгины буюу цээжний хөндийн дурангийн хагалгааг хийхдээ илүү дэвшилтэт технологи ашиглаж, солонгос эмч нартай хамтрах юм.
Нийгэмлэг гэдэг нь аль эмнэлэгт харьяатай байх эсэхээс шалтгаалахгүй. Тухайн нийгэмлэг нь нэг бодол санаатай хүмүүс хамтарсан газар.
Энэ нийгэмлэг нь Өмнөд Солонгосын нийгэмлэгтэй хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд, сургалт, судалгаа, хамтарсан хагалгаа болон судалгааны мэдээллүүдийг нь бүрэн гүйцэд авах боломжтой болно. Цаашид манай улсын цээжний хөндий хийгээд зүрх судасны хагалгаа дараагийн түвшинд гарах том боломж нээгдэж байгаа юм.
Сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 17 хүн зүрх судасны өвчлөлөөр нас барж байна гэх тооцоо бий. Дайн байлдаантай улсад ч ийм өндөр тоо байхгүй.
Уг асуудалд манай нийгэмлэг зүрхний хагалгаа хийх шаардлагатай буюу хийх боломжтой бүхий л хүмүүсийг хамруулах зорилготой. Зөвхөн хүүхдэд гэж тооцоолоход л жилд 300 орчим хүүхдийн зүрхний хагалгаа хийдэг.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ