Бүтэн гурван жил үргэлжилсэн цар тахлын хөл хорио өндөрлөж, аялал жуулчлал сэргэж байна. Хятад улс энэ оны эхээр хилээ нээж, хязгаарлалтын журмаа сулруулсан. Хятадад аялахад маш олон сонирхолтой хот байдаг ч "Дорнын Парис" гэгддэг Шанхай бол уламжлал, орчин үеийн байдлыг жигд хослуулсан, хурдацтай хөгжиж буй космополитан гэдгээрээ ялгардаг.
Хятадын зүүн эрэгт орших Шанхай нь олон зууны баялаг түүхийн нугачаанд дэлхийн эдийн засгийн хүчирхэг төв, олон соёлыг нэгтгэсэн нийгэм болон хөгжжээ.
Хүн амын тоогоор Хятадын хамгийн том хот болох Шанхай нь улс орны эдийн засгийн дүр төрхийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хамгийн өндөр барилгуудын тоонд Шанхайн цамхаг зэрэг тэнгэр баганадсан цамхгууд багтдаг бөгөөд орчин үеийн архитектурын гайхамшгийн гэрч юм.
Хотын хурдацтай хөгжил дэвшлийн давалгаанд Шанхай уламжлалт цэцэрлэгт хүрээлэн, наймаачдын дүүрэг, түүхэн дурсгалт газрууд хадгалагдан үлдсэнээрээ онцлог. Хятадын уламжлалт урлаг болон орчин үеийн бүтээлийг харуулсан дэлхийн хэмжээний музей, урлагийн галерей, театр зэрэг нь сэтгэл татам. Алдарт сяолонбао (ихэвчлэн татсан гахайн махтай мантуун бууз) гэх мэт Шанхайн амтат хоол, хөл хөдөлгөөнтэй худалдааны гудамж зэргийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
Хуучин ба шинэ, зүүн ба баруун, уламжлал, шинэчлэлийн хот Шанхай бол Хятадын соёлын өвийг дээдлэн дээдэлж, хурдацтай хөгжлийн мөн чанарыг харуулсан хот бөгөөд энэ хотыг өвөрмөц туршлага хуримтлуулахыг эрэлхийлж буй аялагчдын заавал очиж үзэх газар болгодог. Хэрэв та Шанхайд очиж үзээгүй бол Хятадад очсон гэж хэлж болохгүй.
Шанхайд үзэж харах, мэдэрч таашаах зүйлс олон. Тухайлбал, Бундын алдарт зугаалгын замаар алхаж, Европын түүхэн архитектуртай зэрэгцсэн хотын орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудын гайхалтай үзэмжийг гэрэл зурагт буулгах боломжтой. Наймаачдын эртний гудамж болох Тянзифангийн нарийхан замуудаар тэнүүчилж, галерей, дэлгүүр, кафе, студигээр дүүрсэн энэ урлагийн бүсэд инстаграмаа чимэх зургуудыг дарж болно. Шанхайн шөнийн үзэмжийг тольдохын тулд Хуанпу голын дагуу далайн аялал хийхийг санал болгодог.
"Далай дээрх хот" гэсэн утгатай Шанхай хот нь Хятадын гол усан зам Номхон далайд хүрэх 5500 км аяллаа дуусгадаг цэгт Хөх мөрний бэлчир дээр оршдог.
1842 он хүртэл энгийн загас агнуурын жижиг тосгон байсан бөгөөд Опиумын анхны дайны дараа британичууд Шанхайг "гэрээний боомт" гэж нэрлэж, хотыг гадаадын оролцоонд нээж өгчээ. Удалгүй тосгон нь Хятадын хуулиас хамааралгүй британи, франц, америкчуудын нэгэн зэрэг захирдаг автономит концессын хот болон хувирав. Колончлол бүр өөрийн өвөрмөц соёл, архитектур, нийгмийг авчирсан.
Ийнхүү Шанхайн барууны нөлөөнд нээлттэй байдлыг бий болгосноор соёлын холимог бүтэц эхэлжээ. Шанхай нь зөвхөн гадаадын бизнес эрхлэгчдийг татаад зогсохгүй бусад бүс нутгаас ирсэн хятад цагаачдыг татсан чухал аж үйлдвэрийн төв, худалдааны боомт болжээ. Шанхайд 1930-аад он гэхэд 60,000 орчим гадаадын бизнес эрхлэгч цугларсан байв. Дэлхийн хоёрдугаар дайны ид оргил үед буюу 1943 он гэхэд гадаадын олонх иргэн дүрвэж, концессууд япончуудад шилжсэнээр Шанхайн 101 жилийн гэрээгээр боомт байсан үе дуусчээ.
Үүний дараа Хятадын түүх 1950-1980 он хүртэлх арван жил, таван жилийн төлөвлөгөөгөөр ар араасаа урсан өнгөрч байхад Шанхайн үйлдвэрүүд төв засгийн газарт хамгийн их татварын орлого оруулдаг хот байв.
Соёлын хувьсгал үргэлжилсээр байх үед 1972 онд Шанхай хотод өнөөгийн Хятад улсын үндэс суурийг тавих түүхэн уулзалтыг зохион байгуулсан. Ерөнхий сайд Жоу Энлай, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нар Шанхайн мэдэгдэлд гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг хэвийн болгож, Хятад улсыг дэлхийн бусад орнуудтай яриа хэлэлцээг эхлүүлэхэд түлхэц өгсөн юм. 20 жилийн дараа болсон намын 14-р их хурлаар социалист зах зээлийн эдийн засгийн үзэл баримтлалыг баталж, гадаадын хөрөнгө оруулалтад улам бүр өргөн үүдийг нээж өгчээ. Өдгөө Шанхай дахин Хятадын үзэл суртал, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд хамгийн нээлттэй хотуудын нэг болсон байна. 1990 онд Хятадын удирдагч Дэн Сяопиний санаачилгаар Шанхайг 2010 он гэхэд Хонгконгтой өрсөлдөхүйц хот болгохоор зорьсон нь биелэлээ олжээ. Хэрвээ Хятад луу бол Шанхай бол түүний тэргүүн мөн.
Холбоотой мэдээ