МАН-ын атаархал ба АН-ын ардчилал

Хуучирсан мэдээ: 2023.09.25-нд нийтлэгдсэн

МАН-ын атаархал ба АН-ын ардчилал

МАН-ын атаархал ба АН-ын ардчилал

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог удирдах шинэ дарга өнөөдөр тодорно. Мэдээж, бүх гишүүд санал өгөхгүй, сошиалынхны хүсэл сонирхол ч тэнд “үйлчлэхгүй”.  Саналын эрхтэй 700 эмэгтэй АЭХ-г хэнээр удирдуулахыг шийднэ гэсэн үг.  Автороос нь харсан ч  АН-д эмэгтэйчүүд, залуучуудын холбоо байх нь үнэт зүйл, үзэл баримтлалтайгаа зөрчилддөг. Гэвч, намын дүрэм хойно, “жаран чавганц уралдвал нэг нь түрүүлэх нь” гарцаагүй.

Улс төр сонирхогч хэн бүхний анхаарал АЭХ-ны сунгаа дээр төвлөрч, А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Ц.Уянга, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнэсувд, Н.Одонгуа нарын хэн нь даргаар сонгогдохыг анхааралтай ажиглаж байна. Тэр ч бүү хэл Ардын намын залуус нүүр номоороо АЭХ-ны даргад хэнийг дэмжихээ хүртэл илэрхийлснээс харвал АН аргагүй л ардчилсан, улсын хэмжээний нам аж.

Ардын намын хувьд Ардын нам цагаан байран дахь “ард түмний”-хээ хүсэл сонирхлыг сонсдоггүй. Дээгүүрээ намын дарга нар нь тохирч, доогуураа гомдол, хэрүүлтэй үлддэг. Гэсэн хэдий ч “толгой хагаравч малгай дотроо” байж чаддаг. Жишээ нь, өнгөрсөн хоёрдугаар сард МАН-ын дэргэдэх НАМЭХ нэрээ СДМЭХ болгон өөрчилж, тэргүүнээр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяаг сонгосон. Мэдээж, СДМЭХ-ны ерөнхийлөгч болохыг горилогчид МАН цөөнгүй, гэвч тэд хүсэл сонирхлоо ил хэлбэл намын бодлогын эсрэг явсан эсэргүү болж үлдэнэ. Иймээс л Ч.Номин, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар хэлээ хазлаад үлдсэн биз. Атал Ардчилсан намд элсээд удаагүй Ц.Уянга, Н.Одонгуяа нар хүртэл сунгаанд өрсөлдөж байгаа нь АН ямартай ардчилалтай, нээлттэй гэдгээ харуулав. Ардын намынхны хувьд дээрээс хөтлөж оруулж ирсэн “эмэгтэй”-г эсэргүүцэх юм бол намаасаа бараг хөөгдөж мэднэ.

Нанчилдаангүй найр гэж байдаггүй шиг Монголын улс төрд хэрүүл, талцалгүй сунгаа хэзээнээсээ байгаагүй. Гэхдээ Ардчилсан намын эмэгтэйчүүдийн дотоод сунгаа улс төрийн трэнд сэдэв болж байна нь  Ардчилсан намыг гэх хүлээлт нийгэмд улстөрийн хүрээнд ч багагүй байна гэсэн үг. Ямар сайндаа л шилэн Цогоо хүртэл айлын асуудал руу хошуу дүрэх билээ.  Зүй нь өөрийнхөө намаас л ардчилал, шилэн бодлого хүлээх, хүсэх ёстой байтал.

АЭХ-г хэн удирдах нь УИХ-ын сонгуульд АН ямархуу суудал авахад нөлөөлөх үү, нөлөөлнө.  Өнгөрсөн хавар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тогтоож өгсөн. Энэ 30 хувийн квотын төлөө АН-д нээлттэй сунгаа явуулж байгаа бол МАН-ын хувьд эрчүүд нь эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийднэ гэсэн үг. Намын даргын дэмжлэгтэйгээр ногоон гэрлээр сонгогдсон тэргүүн намын удирдлагынхаа эсрэг явна гэж байхгүй.  Гэх мэтчилэн Ардчилсан нам, Ардын намын хооронд үзэл баримтлал, үнэт зүйлийн ялгаа их.

Жишээ нь, Ардчилсан намын гишүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулга “бие даасан” улс төрийн акц хүртэл хийх болсон. Тэглээ гээд Ардчилсан нам түүнийг хөөхгүй. Эвлэрээд удаагүй, ичсэн нэрэндээ “Хөх туг” бол манай акц юмаа гээд ам таглаад сууж байна. Ардын намын дарга асан М.Энхболд ийм үйлдэл хийсэн бол Л.Оюун-Эрдэнэ түүнийг лавтай уучлахгүй байсан.

Гаднаа МАН эвтэй харагдавч цаанаа, цагаан байрны хэрүүл, зодоон нь хэзээ мөдгүй сад тавьж мэдэхээр байгаа. Ядаж байхад нүүрсний хулгайн сэжигтнүүдийн дийлэнх нь МАН. Тиймээс МАН-МАН-тайгаа дайтаад удаж байгаа билээ.  Сонгууль угтсан эрх мэдлийн төлөөх субботник нь цагаан байраа ч “шатааж” мэдэхээр харагдана. Б.Ганхуягийн 40 их наядын хулгайг хэлэх үү яах үү гэсэн сүрдүүлэг бол журмын нөхдөдөө хаягласан үг болох нь хэнд ч илэрхий байсан.

Харин АН-ынхны хувьд эрх чөлөө нь ихдэж, эв нэгдэл нь өлддөг. Энэ нь тэдний найман жил гудамжид лааз өшиглөх шалтгаан болсон. Иймээс АН-ынхан  ядаж сонгууль хүртэл амбицаа дарж, ардчилал нэрээр амиа битгий хорлочихоосой гэсэн хүлээлт нийгэмд байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж