Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд зааснаар 400 мянган төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хасч буй. Жилд 33 мянга гаруй иргэнд дээрх арга хэмжээг авдаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон ноцтой гэмт хэргүүд олноор гарах болсон тул хуулийг чангаруулах арга хэмжээг авахаар болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ оны байдлаар 37 хүүхэд зам тээврийн осолд амиа алдсан. Иргэдийн амь нас замын хөдөлгөөнд хэрхэн яаж оролцож байгаагаас хамаарч байна. Ийм учраас бодлогын хүрээнд өөрчлөх ёстой гэж үзэн, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Одоо бол Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулж байгаа. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Засгийн газраас санал авч, намрын чуулган ирэх аравдугаар сарын 5-нд нээлтээ хийсний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэлээ.