Шинээр оруулж ирсэн ногоон автобусны арлын дугаар, бүх эд ангийг нь танилцуулж, цахимд гарсан зөрүүтэй мэдээлэлд Нийслэлээс тайлбар өгч байна.
НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хуучин автобус өндөр дүнгээр оруулж ирж, нийлүүлсэн гэх мэдээлэл цахим хуудаст шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан тайлбар өгнө. Ногоон автобусны техникийн үзүүлэлт, зөрүүтэй мэдээлэл хэрхэн үүссэн талаар албаныхнаас тодруулах нь зүйтэй.
Нийтийн тээвэр нэгтгэлийн ашиглалтын инженер н.Бат-Оргил:
-Цахимд гараад байгаа ногоон өнгийн автобус нь "DAEWOO" үйлдвэрийнх. "DAEWOO Bus" компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын "DAEWOO" үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн гэсэн үг. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий.
2009 онд үйлдвэрлэгдэж, Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй. Мөн паар нэмэгдэж, дулаалгын тусгай материалтай ирсэн.
Үйлдвэрлэлийн явцын бичлэг удахгүй тавигдана. Суудал бүрийн дээр паартай. Бусад үзүүлэлт, хэрэгслүүдийг харьцуулаад үзэх боломжтой. Цонх нь мөн цантдаггүй материалаар хийсэн учир хуучин автобус гэдэг ташаа мэдээлэл.
Хөдөлгүүрийн тухайд утаа бага гаргадаг зэвнээс хамгаалсан хамгаалалттай.
Улаанбаатарт үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Автобус шатдаг асуудал ч их гардаг. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Дизель автобуснууд 20 ширхэг орж ирсэн. Маргааш 80 ширхэг ирнэ. Ирсэн даруйд нь яаралтай цахим карт уншигчийг суулгаж хөдөлгөөнд оролцуулна.
Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
Холбоотой мэдээ