Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болжээ. Энэ талаар Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр /2023.09.25/ мэдээлэл хийлээ. Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгджээ. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотголоо.
Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар:
-Бидний зүгээс есдүгээр сарын 11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.
Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.
Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр.
Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг. Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна гэлээ.
Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг манаач, тогооч нарын сарын цалин 750 мянган төгрөг. Энэ 750 мянгаар хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сургуульд жижүүр харуул олдохоо больсон.
Багш нарын баяр гэж элдэв хурал зөвлөгөөн хийлгүй, одон мядаалаар хууралгүй цалинг нэмэх шаардлага байна гэлээ.
Нийслэлийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа :
-Үндсэн цалинг нэмүүлмээр байна. Зэргийн нэмэгдлийг тухайн сургуулийн багш нарын 10 хүрэхгүй хувь авдаг. Анги даалтын 10 хувийг бүх багш нар авдаггүй. Залуу багш нар анги удирддаггүй учраас авдаггүй.
Багшийн цалин хуримтлал үүсгэх хэмжээний биш амь зогоох л төдий. Багш нарыг дорд ортол нь амьдруулснаас болж, тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа нэм, тэрний, энэний нэмэгдэл гэдэг зүйлээр аргацаах зүйл байхгүй.
Сайд Л.Оюун-Эрдэний төлөө бид нар жагсч л явсан. Таван шударга гишүүн гээд гарч ирэхэд нь МАНАН дэглэмийн эсрэг гээд жагсч явсан. Гэтэл өөрсдөө 40 тэрбум төгрөгийг идэж устгачихаад бага мөнгө гээд яриад зогсч байна. Ийм шударга бус байж болохгүй.
Багшийн сургуульд үнэ төлбөргүй сургаад тэд багш хийхгүй. Яагаад гээч авдаг цалин нь бага байгаа учраас. Тэнд 4 жил сургаж, агаарт мөнгө цацахын оронд багш нарын цалинг нэмэгдүүлэх юм бол хамгийн сайн хүүхдүүд шуураад л ороод ирнэ. Энийг мэдэхгүй толгой тэнд сууж байна гэж таарахгүй. Багшийн үндсэн цалинг нэм.
Нийслэлийн 19 дугаар сургуулийн гадаад хэлний багш н.Болор-Эрдэнэ:
-Бага ангийн нэг багш хоёр анги дааж байна. Өглөө ажиллана, үдээс хойш ажиллана. Нийтдээ 90-ээд хүүхэдтэй ажиллаж байна. Гадаад хэлний багш нар 30-аад цагтай. Би 10 ангийн 2000 гаруй хүүхдэд багшилдаг. Тэднээс 20 гаруй хүүхдийг шалгадаг. Багшийн гүйцэтгэлийг шалгая гэвэл бүх хүүхдийг шалга. Зүгээр цалинг нь нэмчихвэл багш болох хүсэлтэй маш олон хүүхэд байна. Тэмцэлдээ нэгдээч ээ. Юугаа хүлээгээд суугаад байгаа юм. Бид зүгээр суугаад байвал хэн ч нэмэхгүй.
Багшийн цалингаар амьдрах хэцүү, манай эхнэр бас багш. Сарын цалин нь 1 сая 272 мянга болж нэмэгдсэн. Татвараа төлөхөөр 800, 900 мянган төгрөг л авдаг. Түүгээр яаж зээлээ төлөөд түүгээр яаж хүүхдээ хувцаслаад түүгээр яаж хоолоо бэлдэхийн гэлээ.
Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа:
-Багш нарынхаа цалинг инфляцтай уялдуулж 1000 ам.доллартай дүйцүүлэхгүй бол Солонгос руу дүрвээд дууслаа. Шүүгч нарынхаа цалинг 4-5 сая төгрөг болгочихсон юм билээ ш дээ. Бид 30 жил загас шиг дуугүй суусан. Одоо больё. Төр засгийнхан өөрсдөө 44 их наядаар хулгай хийгээд сууж байхад багш нар угаадас шиг цалингаар яаж амьдрах юм бэ.
Г.ХОРОЛ